Дэлхийн түүхий эдийн худалдааны зах зээлийн том тоглогч “Трафигура”-гийн 2024 оны цэвэр ашиг огцом буурчээ. Монгол дахь түншдээ тэрбум гаруй ам.доллараа луйвардуулсны улмаас энэ оны ашиг огцом буурсан гэж өнгөрсөн баасан гарагт компанийн албан ёсны цахим хуудаст тавигдсан мэдэгдэлд онцолсон байна.
Тоон дүнгээр илэрхийлбэл, тус группын ашиг 2024 онд 2.8 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийнхээс 60 хувиар буурсан байна. Энэ нь цар тахалтай 2020 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт аж.
Монголын түншдээ луйвардуулсан, Швейцарьт авлигын хэргээр шүүхдэж байгаа, ажлаасаа халагдсан ахлах менежерүүдийн эзэмшлийн хувьцааг худалдаж авсан, гүйцэтгэх захирал солигдсон гээд компанийн дотоод асуудал их байгаа бол олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотой хямрал дээр дөрөөлөн өндөр ашиг олж байсан үе нь ч дуусгавар болсон аж.
Цэвэр ашгаас гадна үндсэн хөрөнгийн үнэ цэнэ буурсны ихэнх нь Монголтой холбоотой байна
“Трафигура” компанийн мэдэгдсэнээр, энэ онд тус компанийн зөвхөн Монгол дахь бизнесийн үнэлгээ 358 сая ам.доллараар буурсан гэжээ. Үүнийг компанийн зүгээс Монгол дахь түнш “Лекс ойл” компанийн өртэй холбон тайлбарлаж буй. Тэдэнд хэдий тэрбум ам.доллар алдсан ч ядаж талыг нь буцааж олж авна гэж найдаж байгаагаа тус компани урьд өмнөх мэдэгдлүүддээ дурдаж байсан юм.
Монголын луйврыг илчилснийхээ дараа тус компанийн өөрийн хөрөнгийн үнэлгээ 2023 оныхоос 200 сая ам.доллараар буурч, 6.8 тэрбум ам.доллар болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна