Мега төслүүдээ явуулья л гэж байгаа бол ажиллах хүчний асуудлыг шийдэх ёстой

Zuv.mn
5 цаг 3 минутын өмнө

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эргүүлж татагдвал мега төслүүд хугацаандаа амжихгүй болно-

П.Сайнзориг тэргүүтэй таван гишүүн санаачилсан Гадаадаас авах ажилчдын тоонд хязгаар тогтоохгүй байх, гадаадаас ажилчин авч ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийг төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө эргүүлэн татсан ч талбай дээр жагссан иргэд тарсангүй.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт татахыг шаардаж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд, Засгийн газрын өргөн барьсан хууль эргүүлэн татагдвал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд эдийн засгийн өсөлт, бүс нутгийн жигд хөгжлийг хангах учиртай том төслүүдийн ихэнх нь зогсоно. Өсөлт боломжгүй учраас улсын хөгжил ч 2024 ондоос зогсоно гэсэн үг.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс асар их хүүгийн дарамтаас зайлсхийнэ

Нэмэлт өөрчлөлтөөр хуульд

-“32.7.Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно.”,

-“32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно.” гэсэн хоёр л зүйл нэмж, гадаадаас ажиллах хүч авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд төвөг уддаг байсан зарим заалтыг хасаж буй.

Дээрх хоёр заалтыг нэмснээр гаднын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжих төслүүдэд ажиллах гадаад ажилчдын төлбөрийг чөлөөлж, өөрт ирэх өрийн дарамтыг багасна. Учир нь, хөрөнгө оруулагч талаас гарч байгаа бүх зардал “Өр” болж, хожим хүүтэй нь төлөх хэрэгтэй болно. Засгийн газар наана нь хөнгөлж /Хууль эрхзүйн орчныг нь бий болгож өгч байна/, өрийн хэмжээг багасгаснаар ядаж хүүгийн зардлаас суларч байгаа хэлбэр юм. 

Засгийн газраас ирээдүйд эдийн засгийн өсөлтөө хангах зорилгоор 14 мега төслийг эхлүүлж, бүрэн эрхийнхээ хугацаанд амжуулж дуусгахаар төлөвлөж буй. Эдгээр төслүүд бараг бүгд /Эрдэнэбүрэнгийн УЦС, Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, Гангийн цогцолбор гэх мэт/ гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжинэ.

Төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлээд явахад янз бүрийн түвшний 280,000 ажилчин хэрэгтэй  гэлгийг хуулийн төслийг өргөн барьсан Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Тэгвэл энэ 280 мянгын багагүй хэсэг нь гаднынх буюу хөрөнгө оруулагч талынх байх нь анхнаасаа ойлгомжтой. Ингээд бодохоор хэдэн арван мянган ажилтны сар бүл төлөх асар их валютын хүүнээс Монгол Улс, монголчууд чөлөөлөгдөнө. Хүүнд төлөх тэр их мөнгө Засгийн газар, ард түмний нуруун дээр очдогийг бүгд мэднэ.     

Хөрөнгө чинээтэй баян улсуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хөгжиж байгаа улсуудад ээлж, дараалан айлчилж, багахан хэмжээний буцалтгүй тусламж амлаад өдий төдий хөнгөлөлттэй зээл өгөхөөр болдгийг бид мэднэ. Сайндаа ч биш, өөрсдийнхөө ААН-үүдэд ажил олж өгөхийн тулд тэгдгийг бүгд мэддэг.

Гэтэл мега төслүүд, уул уурхайн том төслүүд дээр бид зүгээр мөнгө аваагүй, гаднын ААН-үүдтэй хамтарч, Монголд өмнө нь хийж байгаагүй, уламжлалт мэдлэг байхгүй бүтээн байгуулалтуудыг хийлгэх гэж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд гаднын ажиллах хүч зайлшгүй орж ирж таарна.  

Монголчууд Засгийн газраас 14 мега мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэхэд дэмжиж хүлээж авсан. Гэвч дараа нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхийг нь эрс эсэргүүцэн болиулж  Засгийн газрыг хөрөнгө оруулагч олох хүнд даалгавартай үлдээсэн. Гэтэл одоо тэр даалгаврыг биелүүлэхийн тулд зайлшгүй шийдэх учиртай ажлын байрны асуудлыг хөндөхөд эсэргүүцэж болохгүй шүү дээ. 

Энэ асуудлыг шийдүүлэхгүй эсэргүүцэж байгаа хүн угтаа мега төслүүдээс буюу улсынхаа хөгжлөөс татгалзаж байгаа хэрэг. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.