МҮОХ Цахим спортын комисс байгууллаа

Х.Батсайхан
2025/01/02

Монголын цахим спортын тамирчид олон улсад өндөр амжилт гаргах болсонтой холбоотойгоор МҮОХ дэргэдээ Цахим спортын комиссыг байгуулжээ.

Уг комисс нь Монголын цахим спортын баг тамирчдыг ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн наадмуудад оролцох, зохион байгуулалтаар ханган ажиллахаас гадна гишүүн спорт холбоодын идэвх оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд ажиллах юм байна.

Комиссыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ахалж, дэд даргаар Г.Бат-Эрдэнэ, гишүүдээр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн цахим спортын холбоо (AESF)-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Буяндэлгэр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоод, нэгдлийн төлөөлөл Д.Батмөнх, Т.Халиунаа, Ш.Батбаяр, А.Ундрал нар багтжээ.


МҮОХ-ны дэргэдэх Цахим спортын комисс нь ОУОХ болон АОЗ-ийн цахим спортын комисстой цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сонирхуулахад, 2023 онд Ханжоу хотноо явагдсан Азийн наадамд цахим спорт албан ёсны төрөл болон багтаж, “Дота 2” тоглоомын төрлөөс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн юм. Мөн 2023 онд Улаанбаатар хотод явагдсан Зүүн азийн залуучуудын наадамд цахим спортын төрлөөр баг тамирчид өрсөлдсөн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна