Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компаниас 56 нь ашигтай ажиллажээ

Zuv.mn
2025/01/02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.  

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.

Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна