Мэргэжлийн боксын ноён оргилууд нь хүнд жингийн дэлхийн аваргууд байдаг. Хүнд жинд дэлхийн үнэмлэхүй аварга болсон хүн жингийн ангилал хамаарахгүй чансааг ямар ч эргэлзээгүйгээр тэргүүлдэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ их алдар хүндийг хүртэж, дийлдэшгүй явсан нэгэн эхээс төрөхдөө хагас кг ч хүрэхгүй жинтэй байсан гэвэл та итгэх үү. Тэгвэл тийм хүн үнэхээр бий. Байх, байхдаа биеийн чац, жингээрээ хүнд жингийн бусад дэлхийн үнэмлэхүй аваргуудаасаа ч илүү гээд бод. Тэр хүн бол Английн боксчин, нэгэн үе ялагдашгүй байгаас саяхан оргилоос буусан Тайсон Фьюри юм.
Тайсон Фьюри үнэхээр сонирхолтой намтартай нэгэн. Мэргэжлийн бокст хаанчлалаа тогтоогоод 10 гаруй жилийн нүүр үзсэн ах, дүү Кличкогийн ноёрхлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны бямба гаригт Дюссельдорфын спортын ордонд төгсгөл болгосон хүн бол тэр.
Энэ тоглолтын дараа мэргэжилтнүүд “Мэргэжлийн бокст шинэ эрин эхэллээ” хэмээн нэгэн дуугаар дүгнэсэн нь В.Кличкогийн арын боксчид төвшин ижил байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн ширүүсч, тэр хэрээр сонирхолтой болно гэсэн санаа. Мөн хүнд жинг өөрсдийнхөө өмч гэж үздэг америкчууд Владимир, Виталий хоёр бусдаасаа тасарсны дараа их мөнгө гаргахаа больсон. Урьд нь хамгийн их шагналтай байсан хүнд жин нэр хүндээ Сауль Альварез, Ф.Мэйвейзер, М.Пакъяо зэрэг тэнцүү өрсөлдөгчид бүхий дунд жинд алдсаныг бүгд мэднэ.
Ах, дүү Кличког унасны дараа байдал өөрчлөгдсөн учир хүнд жингийн гол тулаанууд Герман, Англиас АНУ руу шилжиж, дахин их мөнгө даллан дуудах нь дамжиггүй гэцгээж байлаа. Тиймээс америкчууд Деонтей Вайлдертай тулалдуулж, аваргын бүсээ буцааж авах найдлага тээсэн. Гэтэл Тайсон Фьюри түүнийг хоёр ч удаа хожин аваргаа хамгаалж, цаашдаа ч нэг хэсэгтээ л мөрөөдлийг нь хориглосон билээ.
Тэрээр В.Кличког ялсныхаа дараа гурван жил нэг ч тулаан хийгээгүй. Нас ахиж яваа хүний хувьд энэ бол алдагдал байсан. Гэсэн ч залуу өрсөлдөгчөө 2020 оны хоёрдугаар сард нокаутаар ялж чадсан юм. Америкчуудын санаархал бусад холбоодод ч бүтэлгүйтэж Энтони Жошуа хэмээх аварга ноёрхох нь тэр ээ.
Эдүгээ энэ хоёрын зам уулзах хамгийн дөт үедээ ирсэн бөгөөд Энтони Жошуа 2025 оны гол зорилгоо Тайсон Фьюритай тулалдаж ялах хэмээн ил тод зарлаад байна.
Нас ахисан үедээ ах, дүү Кличкогийн ноёрхлыг унагааж, залуусыг “дарж” явсан Тайсон Фьюригийн намтрыг уншигчдадаа сонирхуулж байна.
Тайсон Фьюри гэж хэн бэ
Тайсон Люк Фьюри 1988 оны зургадугаар сарын 12-нд Британийн Чешир гүнлэгийн Уимслоу хотод төрсөн. Ирланд гаралтай. Хугацаанаасаа долоон долоо хоногийн өмнө мэндэлсэн учир эхээс ердөө 450-хан грамм жинтэй төрсөн гэдэг.
Эмч нар түүнийг “Амьд үлдэхгүй” гэж байсан ч эцэг Жон Фьюри нь хүүгээ амьдарна, амьдраад зогсохгүй дайчин эр болно гэж мэдэж байсан гэлтэй. Цагтаа “Цыган” хочтой мэргэжлийн боксчин явсан тэрбээр хүүдээ өөрийн шүтээн Майк Тайсоны нэрийг өгч, боксын спортоор хичээлүүлж эхэлсэн юм.
Тайсон мэргэжлийн бокс дахь анхны тулаанаа 2008 онд Бел Дьендешигийн эсрэг хийж байв. Гэхдээ тэрбээр өрсөлдөгч бүрээ нам цохисоор өнөөгийн өндөрлөгт гараагүй. Дөрвөн удаа ялагдал хүлээж, “Дээд төвшинд тоглох болоогүй байна” хэмээн чичлүүлж явсан үе бий. Түүний баг мэргэжлийн боксын IBF, WBA, WBO, IBO холбооны аварга цол эзэмшигч В.Кличкотой тоглолт хийхээр тохирч байх үед ч ээлжит ялагдлаа амсана гэж үзэгсэд олон байсан юм. Владимирын талаар “Аварга цолоо удаан хадгалахын тулд сулхан өрсөлдөгч сонгодог” гэсэн шүүмжлэл газар авчихсан байсан үе болохоор арга ч үгүй. Харин одоо бодоход, Т.Фьюри В.Кличкод тохирсон хамгийн шилдэг өрсөлдөгч байжээ.
Хүнд жингийн бүхэл бүтэн үеийг ах, дүүсийн сүүдрээс гаргаснаараа Тайсон Фьюри "Хүнд жингийнхний аврагч" гэж дуудуулсан үе ч бий.
Кличког ялсан Дюссельдорфын тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр нэгэн сэтгүүлч “Дэлхийн нэр алдартай хүмүүсээс хэнтэй нь зодолдмоор байна вэ” гэж асуухад “Барак Обаматай. Гэхдээ бээлийгүй нүцгэн гараараа үзэлцмээр байна” хэмээн хариулсан нь хүнд жингийн дэлхийн аваргад байх ёстой шоучин чанар Тайсанд байгаа гэдгийг мөн харуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна