Б.Жавхлан: Бэлчээрийн мал аж ахуйдаа даатгалын тогтолцоотой цорын ганц улс бол манайх

Zuv.mn
11 цаг 22 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Гишүүд одоо Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Гишүүн У.Отгонбаяр хуульд орж байгаа гол өөрчлөлт юу вэ, малчдад ямар ашигтай талаар асуулт асуусан. 

Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад "Нөхөн төлбөр олголтын хувь хэмжээ, хураамжид өөрчлөлт орохгүй. Харин даатгалын эрсдэл үүсэх босгыг одоогийн хууль дээр хатуу "6 хувь" гэж заасан байсныг уян хатан болгож байгаа. Хоёрт, нөхөн төлбөрийг хагас жилийн тооллогоос хойш олгодог байсныг сар, сард нь үнэлгээ хийгээд эрсдэлд орж байх тухайн цаг үед нь нөхөн төлбөрийг нь олгох боломж бүрдэж байгаа" гэж хариуллаа. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Мал нь хорогдсон ч 6 хувьдаа хүрээгүй малчид "Бид хий дэмий баахан даатгалын мөнгө төлөөд байгаа юм биш үү" гэсэн асуудал тавьдаг. Тэгэхээр, үнэхээр малчид сэтгэл хангалуун бус байгаа учраас энийг засах гэж байгаа нь зөв. Гэхдээ сар болгон тооллого хийнэ гэдэг нь амьдрал дээр хэрэгжүүлэх бололцоо хэр юм бол. Тэрийг анхаарч ажиллах хэрэгтэй" гэв. 

Х.Баасанжаргал гишүүн "Босго байхгүй болсон гэж худлаа хэлж байна. Босгыг давхар даатгалын компанийн саналыг харгалзаж тогтооно гэхээр гаднынхан босго доошлуулна гэж байхгүй. Тэгэхээр даатгалын тогтолцоо бүр ч ажиллахгүй" гэв. 

Б.Жавхлан түүний асуултад "Дэлхий дээр бэлчээрийн мал аж ахуйтай цөөн хэдхэн улс байгаа. Тэдэн дундаа бэлчээрийн малыг даатгадаг тогтолцоотой ганц улс нь манайх. Энэ бол даатгалын систем болохоос халамж биш. Босгоны тухайд, байхгүй болж байгаа нь үнэн. Ажлын хэсэг хариулна биз" гэсэн хариулт өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна