УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Хуульд өөрчлөлт орсноор "Нөхөн төлбөр олголтын хувь хэмжээ, хураамжид өөрчлөлт орохгүй. Харин даатгалын эрсдэл үүсэх босгыг одоогийн хууль дээр хатуу "6 хувь" гэж заасан байсныг уян хатан болгож байгаа. Хоёрт, нөхөн төлбөрийг хагас жилийн тооллогоос хойш олгодог байсныг сар, сард нь үнэлгээ хийгээд эрсдэлд орж байх тухайн цаг үед нь нөхөн төлбөрийг нь олгох боломж бүрдэж байгаа" гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд тайлбарласан.
Мөн хуулийн төсөлд туссан "Төсвийн татаас бүхий, нэн хөнгөлөлттэй зээл авахын тулд индексжүүлсэн даатгалд заавал хамрагдсан байх" шаардлага гишүүдийн дунд маргаан өрнүүлээд амжсан. Санаачлагчдын зүгээс уг заалтыг "Төсвийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс оруулж өгсөн. Зөвхөн төсвөөс татаас олгож байгаа нэн хөнгөлөлттэй үзээл авч байгаа малчинд л хамаатай" гэж тайлбарласан ч "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд маш олон малчин зээл авсан, цаашид ч авах тул тэдгээр малчид заавал даатгалд хамрагдах болох нь гэдэг асуудал яригдсан.
Шадар сайд С.Амарсайхан "Өнгөрсөн өвлийн зуднаар их наядын хэмжээний хохирол учирсан байхад нөхөн олговор гэж хэдхэн тэрбумын тоо яригдаж байгаа нь энэ даатгалын тогтолцоо болохгүй байгаагийн илрэл. Мал аж аж аж ахуй бол монголчуудын оршин тогтнолын үндэс учраас олон улс юу ч гэж зөвлөсөн бид өөрсдөдөө тохирсон үндэсний даатгалын тогтолцоог бодож олох ёстой. Энэ талаас нь анхаараарай" хэмээн захисан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Мал нь хорогдсон ч 6 хувьдаа хүрээгүй малчид "Бид хий дэмий баахан даатгалын мөнгө төлөөд байгаа юм биш үү" гэсэн асуудал тавьдаг. Тэгэхээр, үнэхээр малчид сэтгэл хангалуун бус байгаа учраас энийг засах гэж байгаа нь зөв. Гэхдээ сар болгон тооллого хийнэ гэдэг нь амьдрал дээр хэрэгжүүлэх бололцоо хэр юм бол. Тэрийг анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.
Мөн "Даатгалын байцаагч, УИХ-ын гишүүд малчидтай уулзахдаа "индексжүүлэх" гэдэг үгийг тайлбарласаар таардаг учраас уг даатгалыг нэрнээс нь эхлээд өөрчлөх ёстой гэсэн саналыг Х.Булгантуяа гишүүн санал болгосон.
Улмаар санал хураахад 88 гишүүнээс 49 нь дэмжиж 55.7 хувиар хэлэлцэхээр дэмжигдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна