Монгол Улс 2024 онд БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдэд хэрэглэсэн коксжих нүүрсний 60 хувийг хангажээ

Zuv.mn
2 цаг 17 минутын өмнө

БНХАУ-ын нүүрсний импортын сүүлийн хоёр жилийн тайланг харьцуулж, цаашдын төлвийг таамагласан нийтлэл minig.com цахим хуудаст гарчээ.

Нийтлэлд БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн жил дээд амжилт тогтоосон ч уламжлалт нийлүүлэгчдээс ганц ОХУ-ын нийлүүлсэн бодит хэмжээ буурсныг онцолж, Бээжин цаашдаа ОХУ-аас импортоо багасгаж, Монголоор орлуулах бодлого барьж байж болзошгүй талаар бичсэн байна. Тодруулбал, Монголын тал үнийн өрсөлдөөн явуулах замаар БНХАУ-ын зах зээл дэхь байр сууриа хадгалах, хил холболтын төмөр замаа барьсны дараа бүр өсгөх боломжтой гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам баригдаагүй байхдаа л оросуудыг айлгаж эхэлжээ. Овор ихтэй бараа бүтээгдэхүүн нь таваарын гэхээсээ илүү ложистикийн бизнес байдаг бөгөөд тээврийн зардал үүнд чухал нөлөөтэй. Тэгвэл Монголын боомтууд БНХАУ-тай төмөр замаар холбогдсноор тээврийн зардал буурч, БНХАУ-ын хэрэглэгчдийг татна гэсэн санааг илэрхийлсэн байна.

БНХАУ-ын нүүрсний импортын дүн мэдээ өчигдөр гарсан. Тус улсын нүүрсний импорт 2024 онд 14 хувиар өсч 543 сая тоннд хүрсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад өсөлтийн хувиараа Австрали, Монгол Улсууд тэргүүлсэн байна. Тодруулбал, Австралийнх 60 хувь, Монголынх 19 хувиар нэмэгджээ. Индонезиэс авах нүүрсний хэмжээ бага зэрэг нэмэгдэж, ганц ОХУ-ынх л буурсан байна.


ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт буурч байгаа шалтгааныг нийтлэлд үнэ өндөр байгаатай холбож тайлбарласан байв.

Цаашдын төлөвийн тухайд, БНХАУ-ын импорт энэ жил буурах хандлагатай, энэ нь үнэ ханш буурах нөлөө үзүүлж болзошгүй ч гангийн үйлдвэрүүдэд нь өндөр чанартай коксжих нүүрс дутагдаж байгаа тул Австрали, Монголоос хийх импортод харьцангуй багаар нөлөөлнө гэж үзсэн байна.

Нийтлэлийн төгсгөлд Монгол Улс өнгөрсөн жил урд хөршийн гангийн үйлдвэрүүдэд хэрэглэсэн коксжих нүүрсний 60 гаруй хувийг нийлүүлснийг дурьдаад, Монголын эрх баригчид өмнө нь аюулгүй байдлын үүднээс зогсонги байдалтай байсан Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замыг барьж, ирэх таван жилдээ багтаан нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэж онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна