Хоошорюүд ёкозүна цол олгох хүсэлтийг өнөөдөр өргөн барина

Х.Батсайхан
15 цаг 5 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн хацү башёд 12-3 амжилтаар түрүүлсэн “Тацүнами” дэвжээний бөх озэки С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох үйл явцын хуваарийг тус холбооны Шүүгчдийн зөвлөлөөс гаргажээ.

Түүнд бичсэнээр, Хоошорюүд мэргэжлийн сүмогийн дээд цол олгох хүсэлтийг Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккаку ояката өнөөдөр Ёкозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөлд өргөн барина.

Харин энэ сарын 29-ний өдөр Японы мэргэжлийн сүмогийн Удирдах зөвлөл хуралдаж, 74 дэх их аваргаар өргөмжлөх юм байна.

Нэмэлт хоёр дахь барилдаанд ялж, ёкозүна цолны болзол хангаж буй мөч

Монголоос төрж буй зургаа дахь ёкозүна цолтон Хоошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд төрсөн, энэ жил 26 настай. 188 см өндөр, 148 кг жинтэй. 2018 оны гуравдугаар сарын харү башёод жонокүчи зиндаанд анх барилдаж 6-1 амжилт үзүүлэн мэргэжлийн сүмогийн гараагаа эхэлсэн. Дараагийн тэмцээндээ жонидан зиндаанд дэвшиж, 7-0 амжилтаар түрүүлж байв. 2019 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болсон. 2020 оны есдүгээр сард дээд зиндаанд дэвшиж, 2021 оны долдугаар сард техниктэй бөхийн шагнал авч байв.

Тогтвортой амжилт үзүүлдгээрээ онцлогтой бөгөөд 40 бшёод барилдахдаа зургаад нь л /нэг удаад нь гэмтлийн улмаас/ 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй аж. 2022 оны нэгдүгээр сарын тэмцээнээс хойш тасралтгүй 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн. Дээд зиндаанд хоёр, жонидан зиндаанд нэг түрүүлж, техниктэй бөхийн гино шо шагналыг хоёр, дайчин барилдааны Канто шо шагналыг нэг удаа хүртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна