Сүмочдын "Шинэ жил"-ийн амралт эхэллээ

Х.Батсайхан
14 цаг 24 минутын өмнө

Мэргэжлийн сүмо бөхчүүд урлагийнхантай нэгэн адил шинэ жилээр тун ч завгүй байдаг гэнэ. Учир нь арванхоёрдугаар сард тойргийн барилдаан, үзүүлэх тоглолт гээд үзэгчдээ баясгах тоймгүй олон арга хэмжээ төлөвлөгдсөн байдаг учраас он дуустал завгүй байцгаадаг аж. Он гараад ч завгүй, Хацү башёгийн бэлтгэлдээ орж, залгуулаад тэмцээн болдог учир амрах, баярлах завдал ер гардаггүй ажээ.

 Мэргэжлийн сүмогийн тэмцээн жилд зургаан удаа, сондгой тоотой саруудад явагддаг гэдгийг уншигчид маань гадарлах биз. Тэгвэл тэмцээний дундуур явагддаг “Жюнгё” буюу тойргийн барилдааны хаврын тэмцээн дөрөвдүгээр, зуных наймдугаар, намрынх аравдугаар, өвлийнх арванхоёрдугаар сард явагд­даг. Харин нэг, тавдугаар сарын тэмцээний дараа тойргийн барилдаан байдаггүй. Бөхчүүд ч энэ боломжийг ашиглан гадагш явах ажлаа амжуулж авдаг байна. 

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал гээд манай бөхчүүд ихэвчлэн хоёрдугаар сард эх орондоо ирж байсныг сүмо сонирхогчид санаж байгаа байх. Чухам тийм учраас л “Сүмочдын шинэ жил хоёрдугаар сард болдог” гэсэн яриа гарчээ.  

Сүмогийн нэр хүнд өсөхийн хэрээр бөхчүүдийн “эрэлт” ихэсч, улам завгүй болсоор байна. Зөвхөн тойргийн барилдаанд 120 хоног зарцуулдаг, дээр нь 15 өдөр үргэлжилдэг зургаан тэмцээнийг нэмэхээр жилийн 210 хоногт нь барилдаантай.

Сүмо бөхийн холбоо зарим жил гадаад улсуудад тойргийн барилдаан зохион байгуулдаг. Тийм жил бөхчүүд улам л завгүй болдог ажээ. Мэргэжлийн сүмогийн энэ оны хаврын тэмцээн Харү башё гуравдугаар сард эхэлнэ. “Шинэ жил”, амралтаа эдэлсэн сүмочид маань  шинэ аваргатай анхны башёодоо эрч хүчтэй барилдацгаах нь тодорхой биз ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна