Б.Жавхлан: Шинээр гаргасан бондоор 2026, 2028 онд төлөхөөр хүлээгдэж буй бондыг хэсэгчлэн төлж, хүүгийн зардлыг багасгана

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 49 минут

Монгол Улс гадаад өрийн дарамтыг бууруулах зорилгоор “Century” нэртэй, урьд өмнө авсан бондуудыг дахин санхүүжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.  Тэгвэл энэ хүрээнд “Century IV” буюу дөрөв дэх удаагийн, 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гарган амжилттай арилжаалжээ.

 Бага хүүтэй “Century” бондуудаар урьд өмнө нь авсан өндөр хүүтэй бондуудын өрийг хугацаанд нь болон хугацаанаас нь өмнө төлж байгаа бөгөөд үр дүнд нь төсөвт ирэх ачаа буурч байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Монгол Улс сүүлийн жилүүдэд гадаад бондын өр төлбөрөөс гарах, дахин санхүүжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Үр дүнд нь манай улс 2013 оноос хойш анх удаа В+ гэсэн зэрэглэлдээ хүрээд байна.

“Century” төслийн хүрээнд гаргасан өмнөх бондууд бүгд амжилттай хэрэгжиж үр өгөөжөө өгсөн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт гарсан “Century II” бондоор Монгол Улс дефолт зарлах эрсдлээс гарч байсан. “Century IV” бонд ч энэ удаад амжилттай арилжаалагдлаа.

Өмнөх гурван бондын үр дүнд Монгол Улс 2025 онд сүүлийн жилүүдэд анх удаа гадаад бондын төлбөр төлөхгүй жил болж байгаа. Шинээр гаргасан бондоор 2026, 2028 онд төлөхөөр хүлээгдэж буй бондыг хэсэгчлэн төлөх, хойшлуулж, хүүгийн зардлыг багасгах зорилгоор арилжааллаа.

Энэ удаагийн бондын онцлог гэвэл, манайхтай ижил, ойролцоо зээлжих зэрэглэлтэй дөрвөн улс зэрэг бонд гаргасан. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Энэ бол дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсэх нь үү гэсэн дохиог өгч байна. Өөрөөр хэлбэл, АНУ “Трамп тарифф” гэж нэрлэгдээд байгаа шинэ худалдааны бодлоготой холбоотойгоор улс орнуудад нөлөөлөл ирэх нь тодорхой болсон учраас бондоо цэгцлэхээр яарч байгаа байдал ажиглагдсан. Бид ч энэ алхмыг хийсэн нь цагаа олсон гэж үзэж байгаа.

Бид бондынхоо танилцуулгыг хоёрдугаар сарын 10-14-ний хооронд тав хоногт хийж, 145 хөрөнгө оруулагчтай цахимаар уулзалт хийгээд 500 сая ам.долларын бондыг 7, 1.25 гэсэн хүүн дээр зарлаж өнгөрсөн даваа, мягмар гарагт амжилттай гаргалаа. Нийт 4.3 тэрбум ам.долларын захиалга ирсэн” хэмээн мэдээллээ.  

Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиснаар бага хүүтэй бонд гаргах, улмаар уг бондоороо өмнө нь өндөр хүүтэй авсан бондыг солих боломж бүрддэг бөгөөд Сангийн яам өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан ажлаа ийнхүү үргэлжлүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна