Ам.доллар гадагшилж байгаагийн жинхэнэ ШАЛТГААН

С.Гандэлгэр
3 цаг 19 минутын өмнө

          -Валютын гадагш ургалыг хааж байгаа нь нүүрсний орлого эргэлзээтэй болсных уу-

Засгийн газар Монголбанкны валютын нөөцийг багасгаж болзошгүй эх үүсвэрүүдийг идэвхитэй хайж, 1Xbet цахим мөрийний сайт, валютаар авчирсан бараагаа орлого нотлохгүй зээлээр өгдөг “PC mall” электрон барааны дэлгүүр зэргийг олж тогтоогоод байгаа.

Тэгвэл валюын гадагшлах урсгалын жинхэнэ шалтгаан байж болох нэгэн мэдээллийг олж үзэв. Киргизстан улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ 2024 онд 2023 онтой харьцуулахад тав дахин өсөж, 8.9 сая ам.долларт хүрчээ.

Манай улс Киргизстан улстай дипломат харилцаа тогтоогоод 33 жил, бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад мөн төдий жил өнгөрч байгаа. Гэвч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд 22 жил л болж буй аж. Түүнээс хойш 2008 онд ганц удаа 3.8 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 1.45 сая ам.долларын бараа худалдаж авч, “ашигтай” ажиллаж үзсэн аж.

Түүнээс хойш дандаа алдагдалтай ажилласаар сүүлийн жилд 8.9 сая ам.долларын бараа худалдаж авч, зөрүүлээд 1.27 сая ам.долларын бараа худалдсан байна.

Энэ бол нэг л жишээ бөгөөд нийт дүнгээр нь авч үзвэл 2024 оны эхний есөн сарын байдлаар экспорт 2023 оныхоос 490 сая ам.доллараар л нэмэгдсэн бол импорт 1 тэрбум, 857.8 сая ам.доллараар өссөн байна.

Ингээд эцсийн дүндээ ам.долларын нөөц багасан, тэр нь нүүрсний эрэлт, үнэ буурсантай нийлээд түгшүүрийн харанга дэгдэж, валютын гадагшлах урсгалыг яаралтай хаах арга хэмжээ авахад хүргэсэн байна.   

Өнөөдөр Монгол Улс 1Xbet-ээр гадагшилдаг 500 сая /маш эргэлзээтэй/ алддаг байлаа гэж бодье. Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үүнийг эдийн засагт нөлөөлөхгүй, хянах боломжгүй гэж хэлсэн ч Н.Учрал сайд тэмцээд, нүүрсний экспортоор орж ирдэг таван ам.долларыг гадагш нь аваачиж тушаадаг бизнес болох электрон барааны дэлгүүрүүд рүү чиглэж байгаа бол энэ нь ирээдүйд экспортоор орж ирэх валют буюу ам.долларын урсгал эргэлзээтэй болсоон л гэсэн үг.  

Тэгвэл манай экспортын орлогын ихэнх нь хаанаас орж ирдэг билээ. Нүүрснээс. Тэгэхээр, валютын гадагш урсгалыг хааж байгаа нь шууд утгаараа нүүрсний экспортын орлого эргэлзээтэй болсныг харуулж байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна