Эгийн голын УЦС-ыг барих эсэхийг шийдэх Монгол, ОХУ-ын Ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

Х.Батсайхан
4 цаг 59 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт уулзахдаа Эгийн гол дээр баригдах УЦС-ын төслийг хэрэгжүүлэх эсэхийг хоёр улсын ШУА-иас эрдэмтдийн хамтарсан баг гаргаж шийдвэрлүүлэхээр тохирсон билээ. Тодруулбал, УЦС Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлөх эсэхийг судалж, хэрвээ сөрөг дүгнэлт гарвал төслийг зогсоох, нөлөөлөлгүй гэж гарвал хэрэгжүүлье гэдэг дээр тогсон юм. Энэ дагуу хоёр тал эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгийн анхны хуралдаан ОХУ-ын Шинжлэх ухааны академийн байранд болжээ.

Хурлаар Эгийн-Гол усан цахилгаан станцын төслийн Байгаль нуур, Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж буй нөлөөлөл, түүний дотор байгаль орчин, биологи, ус судлалын үйл явц, нийгмийн салбарт үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ хийх шинжээчийн ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Дашрамд дурдахад, энэ асуудлаар ОХУ-ын талаас 2017 онд хийсэн судалгааны ажлын нэг ерөнхий дүгнэлт нь голын экосистемийн өөрчлөлтөд усан цахилгаан станцын нөлөөлөл их гэж гарсан бол Монголын талын хийлгэсэн нэг бус судалгаа, түүний дотор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Францын компаниар хийлгэсэн судалгаанд нөлөөлөл маш бага гэж гарч байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна