Баялгийн сан арвижиж, бүтээн байгуулалтууд эрчимжих могой жилийн өнгө

Х.Батсайхан
2025/03/06

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил гарлаа. Түүхийн хэлхээсийг шүүрдэж үзвэл, могой жилд хүн төрөлхтний түүхийг ихэд өөрчилсөн, эс бөгөөс ихэд өөрчлөх эхлэл тавигдсан үйл явдлууд ихтэй байх бөгөөд манай улсад хүртэл тусаад өнгөрсөн /Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан/ байх аж.

Жилийн энэ үед иргэд зурхайч лам хуврагуудын үгийг нь ихээхэн анхаарч сонсдог болдог. Зурхайч, лам хуврагууд ч гарч буй жилийн өнгийг таамаглан, эртний ном судар тайлагнаж, ард иргэдийнхээ сэтгэл санааг төвшитгөдөг сайхан уламжлал бий.

Харин тэд маань “Өвөлдөө цасаар шуурах магадлалтай”, “Монгол Улс хэрхэх нь гурван сая монголчуудаас шалтгаална” гэх зэргээр ихээхэн улс төржсөн, бас хэзээ ч үгүй гэхээргүй таамаг хэлдэг болоод удаж буй.

Харин сүүлийн үед энэ ёс бага зэрэг алдагдаж, эрс тэс болжээ. Амбийцтай зарим нь жилийн ерөнхий өнгөн дээр өөрийнхөө баттай биелнэ гэж үзсэн зүйлсээ нэмчихдэг, хашир анжгай нар нь хэт ерөнхийлдөг байдал ч ажиглагдах болсон.

Энэ жил ч ялгаагүй, “Хүн зоныхоо хувьд хэрүүл тэмцэлгүй байх юм бол тайван амгалан жил болно”, “Өвлийн улиралд бэлтгэлээ сайн базааж авах юм бол хүн зон олонд их ээлтэй сайхан жил болно” гэх зэрэг таамаг харагдана.

Гарч буй жил нялхаст дунд зэрэг, залууст ээлтэй, хөгшид биеэ энхрийлүүштэй байх юм байна. Тэгэхнээ нь, нялхас гэдэг нь эгэл ард, залуус гэдэг нь дунд албан тушаалтнууд, өтгөс гэлэг нь ихэс дээдэс юм гэнэ. Өөрөөр хэлбэл, эгэл ардад дунд зэрэг, дунд тушаалын албан хаагчдад амьдрал ахуй нь дэвжих ээлтэй, өндөр дээд албан тушаалтнууд хянамгай байх ёстой жил болж таарав.

“Элдэв эрдэнэт” хэмээх ёгтлол нэрийн тухайд “Модон могой” жил нь газар доорх эрдэнэсийг могой сахин хамгаалж, эд баялаг үр шимийг тэтгэж буйг илэрхийлсэн байна. Модон могой нь Билэг буюу тогтвортой тэнцвэртэй байх жил. Модон махбод нь үржин дэлгэрч, өсөж үржихийн бэлгэдэл болдог” гэсэн билэгтэй тайлал ч олж үзлээ.

Түүнчлэн, идээ ундаа бага, өвөлдөө мал ахуйдаа анхаарууштай жил болохыг “Үр тариаг хорхой идэн доройтуулна” хэмээн ёгт утгаар хэлсэн байх тул малчид, тариаланчид өвөлдөө бэлтгэлтэй, хадлан, ургацаа цаг алдалгүй хураах нь чухал гэнэ. Од гарагсын тохиолдлыг тооцоолж гаргасан зурхайн ухаанд могой жилийг ерөнхийдөө ингэж зуржээ. 

Харин бодит байдал бидэнд ирэх жилийг доорх байдлаар зураглаж байна.

Бүтээн байгуулалт

Дэлхий нийтээрээ амь, амиа бодон бужигнаж, их гүрний анхаарал сулран элдэв дарамт үгүй болсон “цонх” үеийг ашиглаад эрх баригчид хүлээстэй байсан мега төслүүдээ хөдөлгөхөөр зорилосон билээ. Энэ зорилтын хүрээнд 20 гаруй мега төслийг жагсааснаас Хамтарсан Засгийн газар 14-ийг нь хэрэгжүүлэхээр шуурхайлсан. Тодруулбал, 2024 оны төсөвт тодотгол хийж, өсөлт гаргах, өндөр ач холбогдолтой төслүүдийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах хөрөнгийг суулгаснаар энэ жил бүтээн байгуулалт эхлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ хүрээнд Засгийн газар 2028 он хүртэл:

  • 4,440 км авто зам
  • 3,633 төмөр зам
  • 1,650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр
  • 7 боомтын шинэчлэл
  • 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт нь суусан

-Гашуунсухайт, Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,

-Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС,

-Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай УЦС,

-Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр,

-Газрын тос боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтууд эхэлж, зарим нь үргэлжилнэ.  

Дуусаж, ашиглалтад орох төслүүд

Засгийн газар мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилээр төлөвлөдөг болсонтой холбоотойгоор 2025 оны төсөвт шинээр нэг ч сургууль, цэцэрлэг барилгүй, урьд өмнөх жилүүдэд эхлүүлсэн ч удаашралтай байсан төслүүдээ бүрэн санхүүжүүлж дуусгахаар шийдсэн. Энэ жил улсын хэмжээнд 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлгийн барилга ашиглалтад орно.

Нийслэлийн тухайд, Чингэлтэй дэд төвийн газар чөлөөлөлт дуусаж, барилгын бүтээн байгуулалт эхэлнэ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж энэ зун ашиглалтад орно.  

Мөн олон жил яригдсан дүүжин тээврийн үйлчилгээний Яармаг-Хархорин зах чиглэлийн эхний шугам ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхэлнэ.  

Орон нутагт Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто зам энэ жил дуусаж ашиглалтад орно. Боомт руу чиглэсэн, хялал жуулчлалын ач холбогдолтой замууд эхэлж үргэлжлэх бөгөөд нийт урт нь 2000 гаруй км үргэлжлэх төслүүд хэрэгжихээр байна.

Эдийн засаг, улс төр

Хэдэн жил салан задгай, алдагдалтай  явсан төсвөө бид энэ жил цэгцэлж, алдагдалгүй баталсан билээ. Гэхдээ энэ нь нэг л тал бөгөөд нөгөө талдаа тэлсэн төсвөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудалтай нүүр тулгараад буй. 

Иргэд, ААН-үүдийн зүгээс татвар багасгаж,  нуруунд нь үүрүүлсэн ачаагаа буцааж авахыг шаардаж байгаа нь давхар асуудал болж байгаа бөгөөд Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Уг нь, санаснаар болдог бол нэргүй татвар буюу байнгын авлига үүсгэдэг дүрэм журмуудаа цөөлж, уян хатан болгоход л иргэдийн нуруунаас татвар багасгаснаас ялгаагүй ачааг авч хаяж байгаа юм шүү дээ. Төсөв болохгүй байвал ядаж энэ аргаар иргэдээ дэмжихээ төр засаг мэдэх байгаа. 

Аз болоход, Сангийн яамны идэвхтэй үйл ажиллагааны ачаар энэ жил бид гадаад бондын өр төлбөргүй байгаа нь сайн.  Гэвч хүүг нь багасгасан л болохоос өрийг өрөөр дарж байгаа нь үнэн тул энэ байдлаас ажил хийж байж л гарна. Харин ажил нь эрчим хүч, дэд бүтцийн төслүүд болж байна. 

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний ханш гой өсөхгүй гэсэн стаагүй мэдээ дуулдаж буй ч биет хэмжээг өсгөх замаар шийдэх болоимжтойн дээр алт, мөнгө, зэсийн ханш өсөх төлөвтэй байгаа тул айхтар хүндрэл гарахгүй биз. 

Баялгийн хуваарилалтыг тэгшитгэх ажил эхэлнэ

Төр өөрийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөц тогтоосон ашигт малтмалын ордуудаасаа 34-50 хүртэлх хувь эзэмшиж, ногдол ашиг, АМНАТ хэлбэрээр төвлөрүүлсэн хөрөнгийг Баялгийн санд шилжүүлэн иргэдэдээ хуваарилах, амьдралын баталгаа болгох ажил могой жилд эрчимтэй үргэлжилнэ.

Эрх баригч намын дарга, Хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн “30 жилийн алдааг засна” гэсэн амласан. Засах ёстой алдаа гэдэгт баялгийн тэгш бус хуваарилалт гарцаагүй орно.

УИХ 2007 онд Стратегийн орд гэж 16, Стратегийн орд байх боломжтой гэж 39 ордыг жагсаагаад “Эдгээр ордын 34-51 хувийн хувьцаа “Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд ногдол ашиг хүртэх замаар “Азийн Катар болно” гэж ард түмэнд сурталчлан хоёр ч сонгуульд /2008, 2012/ ашиглаж улс төрийн ашиг хонжоо гаргасныхаа дараа 2014 онд Цагаан суваргын ордыг жагсаалтаас гарган, улмаар Стратегийн ордын жагсаалт гэж байх шаардлагагүй хэмээн хамраараа газар шаатал нь хуурсан байдаг. 

Өнгөрсөн жил батлагдсан Баялгийн сангийн тухай хууль энэ алдааг засах боломжийг олгож байгаа бөгөөд Засгийн газар хувьд шилжсэн ордуудыг эзэмшигчидтэй уулзалтыг хийж эхлээд байгаа юм. Ихээхэн улстөржсөн, магад, улс төрийн тогтоворгүй байдал авчрах эрсдэлтэй гэж таамнаж буй ч шударга ёс нэхсэн ард иргэдийн дэмжлэг ард нь байгаа тул энэ ажил урагшлах нь гарцаагүй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.