Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд, албан тушаалтнууд танилцууллаа.
Засгийн газраас байгуулсан Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд нүүрс тээврийн гол боомтуудад ажиллаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Нүүрсний экспорт буурсан нь үнийн уналтаас гадна Монгол Улсын урд хилийн Булган, Шивээхүрэн, Ханги, Гашуунсухайт зэрэг боомт дээр 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэнтэй холбоотой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ онцолж байсан.
Тодруулбал, нүүрсний үнэ өндөр байх үед буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд хийгдсэн гэрээ, энэ оны эхэнд хийгдсэн 50 орчим гэрээний гүйцэтгэл хангагдахгүй байгаагаас бол татан авалт саатаж, биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байсан.
Тэгвэл Ажлын хэсгээс нүүрсний татан авалтыг сайжруулах зорилгоор тээврийн зардлын өөрсдөөс хамаарах өртгийг 50 хувиар буулгажээ. Ингэснээр татан авалт нэмэгдэж, үүссэн орон зайн дээр нь шинэ худалдан авалтууд орж ирэх боломж бүрдэж байгаа юм.
Дашрамд, Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт үнийн хэлбэлзэл хэт их байхаас сэргийлэх боломжийг бүрдүүлсэн журмыг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд баталсан.
Түүнчлэн, импортыг бууруулах зорилтын хүрээнд Төрийн өмчит үйлдвэрийн газрууд худалдан авалтаа түр зогсоогоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна