АН, ХҮН-ий даргын хувь заяаг шийдэх МАН

Zuv.mn
8 цаг 10 минутын өмнө

МАН, АН, ХҮН намын дарга нарын хувь заяа өнөөдөр МАН-ын Бага хурлаар шийдэгдэнэ.

Өнөөдрийн МАН-ын бага хурлаар хамтарсан Засгийн газрыг унагаж, МАН дангаар засаглах уу, эсвэл одоогийн Засгийн газарт итгэл үзүүлэх үү гэдэг нь тодорхой болох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дангаар засаглахыг тулгаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг тарааж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн гэгдэж буй.

Ардчилсан нам хэдэн сонгууль дараалан ялагдаж, “лааз өшиглөж” явсны эцэст хамтарсан засагт орсноор олон хүнээ ажилтай болгосон.

ХҮН ч ялгаагүй МАН-ын олон ажлыг нугалж, сайн мууг нь ил, далд гүйцэтгэсээр парламентад суудалтай болж, засагт ч орж чадсан. Гэвч тэдний хувь заяа өнөөдөр хамгийн бүрхэг, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Бага хурлын гишүүдээ “базаж” буй У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар нэгдвэл улс орны том эрх ашиг том төслүүдээ хөдөлгөж буй гэх имижтэй хамтарсан Засгийн газар унах нь бараг л тодорхой болчихоод байна.

Нөгөөтэйгүүр хэрэв МАН дангаар засаглаж эхэлсэн тохиолдолд гадна, дотоодынхоо улс төрийг МАН дийлэх үү гэсэн асуулт ч зүй ёсоор тавигдана.

Иргэд олон нийтийн эсэргүүцэл гэх халхавчтай ч эрх мэдэл хийгээд баялгийн хуваарилалтын “зодоонд” чухам хэн нь ялж засаглахыг МАН-ын 369 гишүүн шийднэ.

Хэрвээ Хамтарсан засаг унавал намынхаа зарим  гишүүдээс зөрөн байж Хамтарсан засагт орсон гэдгээрээ Л.Гантөмөр, Т.Доржханд нар нам дотроо хариуцлага хүлээх ч асуудал сөхөгдөж мэднэ. Өөрөөр хэлбэл, АН, ХҮН намын даргын хувь заяаг МАН шийдэж байгаа хэрэг болох юм.    

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна