Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Х.Есү
4 цаг 44 минутын өмнө

Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ хамтран тус олимпиадын зохион байгуулагчаар оролцон, тэмцээний цар хүрээг өргөжүүлж, бодлогын түвшний дэмжлэг үзүүллээ.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од оролцож, тэмцээнд оролцогч оюутнууд, багш дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзан: “Монголын Үндэсний Программчлалын Олимпиадад оролцсон оюутнууд сүүлийн жилүүдэд олон улсын буюу Азийн бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртэж буй нь манай улсын мэдээллийн технологийн салбарт өндөр потенциал бүхий хүний нөөц тасралтгүй бүрэлдэн бий болж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ‘Цахим үндэстэн’ болох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд технологийн чадварлаг боловсон хүчин зайлшгүй шаардлагатай тул мэдээлэл технологийн салбарын олимпиад, хөтөлбөрүүдийг яамнаас тууштай дэмжин ажиллана.” хэмээн онцоллоо.

Олимпиадын хүрээнд улсын хэмжээнд мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнууд алгоритм, программчлалын нарийн бодлогуудыг багийн зохион байгуулалттайгаар шийдвэрлэж, мэдлэг, чадвараа бодитоор сорьсон юм. Энэ нь оюутнуудын мэргэжлийн хөгжилд үнэтэй туршлага болж, олон улсын тэмцээнүүдэд оролцох гарааны эхлэл болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна