Васил Ломаченко: Олимп бол эгэл биш тэмцээн болохоор хоёр алтан медалиа харьцуулмааргүй байна

Х.Батсайхан
15 цаг 7 минутын өмнө

Украины домогт боксчин, олимп, дэлхийн хошой аварга, мэргэжлийн боксын гурван өөр жинд дэлхийн аварга цол эзэмшиж чадсан Васил Ломаченко их спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрбээр сонирхогчийн боксын замналдаа цорын ганц удаа буюу 2007 оны ДАШТ-ий алтан медалийн төлөө ОХУ-ын Альберт Селимовт шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялагдаж байсан бөгөөд түүнээс хойш 2008, 2012 оны олимп, 2009, 2011 оны ДАШТ-д драалан түрүүлсэн байдаг юм. Мэргэжлийн бокст 21 тулалдаж, 18 ялсан В.Ломаченко зодог тайлахдаа ч IBF холбооны аваргын бүсийг эзэмшиж байв. 

Энэхүү домогт боксчныг монголчууд 2008 оны Дэлхийн шилдэг боксчин гуншингийн төлөө манай Э.Бадар-УУгантай өрсөлдсөн гэдгээр нь андахгүй.  

Украин эр 2008 оны олимпод манай Э.Бадар-Ууган шиг бүх учраагаасаа илт давуу байсан бөгөөд шигшээ тоглолтод Францын Делхирийг хүнд цохилтоор ялсан гэдгээрээ “Вэл Баркерын цом”-ыг хүртэж байсан юм. Харин тэр жилийн шилдгээр манай тамирчин шалгарч байсан билээ. 

Украины боксын түүхэнд олимпийн хошой аварга болсон ганцхан хүн байдаг нь Васил Ломаченко. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй тэрбээр 2012 онд “Советский спорт” сонины Украин дахь сурвалжлагч Махил Спиваковскийтай ярилцаж, мэргэжлийн бокст шилжиж байгаагаа анх зарлаж байж. Тэрхүү ярилцлагыг сэргээн хүргэж байна. 

-Хөндлөнгөөс харахад, танд Лондоны олимпийн алт Бээжингийнхээс илүү хүнд замыг туулж ирэх шиг боллоо. Харин та өөрөө юу гэж бодож байна вэ? 

 -Бээжинд түрүүлэхэд бүгд л намайг амархан аварга боллоо гэцгээж байсан. Гаднаасаа үнэхээр л тэгж харагдсан байх. Лондонд ч гэсэн эхний хоёр өрсөлдөгч маань тийм ч хүчтэй байгаагүй. Гэхдээ онооны зөрүү тийм ч их биш байсныг та харсан биз. Олимп маш чухал учраас ялах нь л гол гэж бодож тоглосон болохоор тэр. Олимп бол эгэл биш тэмцээн. Тийм болохоор хоёр олимпийн медалиа харьцуулмааргүй байна. Заавал хэл гээд байвал, “Олимпийн хоёр медаль минь миний хувьд хамгийн хүнд хэцүү одсон нь” гэж хэлье. 

 -Хагас шигшээд Ясниер Толедотой хийсэн тулааныг чинь мэргэжилтнүүд “урьчилсан шигшээ тоглолт” гэж нэрлэж байсан... 

 -Тэдний зөв. Ясниер бол хамгийн чадварлаг өрсөлдөгч. Куба боксын баялаг уламжлалтай орон болохоор үүнд гайхаад байх ч хэрэггүй юм. Тэмцээн явуулах журмаасаа болоод олимпод хамгийн хүчтэй нь шигшээ тоглолтод хүрэхгүй байх тохиолдол байдаг. 

 -Миний ажигласнаар та Лондонд хүчээ их зөв, тэнцүү хуваарилж тоглох шиг болсон. Энэ нь аварга болоход нөлөөлсөн үү? 

 -Яг үнэн. Бээжинд бол тийм байгаагүй, шүүлт өөр байсан болохоор. Би ч гэсэн тэмцээнд өөрөөр ханддаг байж. Их дайрч, өрсөлдөгчөө зодохыг эрмэлздэг байлаа, тэр үед. Тийм ч учраас огцом ажилласны дараа “паузлах” үе гарна. Лондонд бол огт өөр байсан. Би үе дуусгаад буланд очиход аав надад онооны байдлыг хэлж өгч байсан. Гэхдээ ямар ч тоо байсан гээд би тоглолтынхоо эрчмийг сулруулах юм уу, нэмээгүй. Шүүгчдэд зүгээр зогсч байна, цохилт хийхгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь гол зорилго байлаа. Тийм ч учраас сайн хянаж байгаад үе бүрт 4-5 удаа хүчтэй цохилт хийхийг эрмэлзэж байв. 

 -Дөрвөн жилийн өмнө та шигшээ тоглолтод Францын Делхирийг хүнд цохилтоор ялсан. Энэ удаа ч гэсэн тэр түүхээ давтчихья гэж бодсонгүй юу? 

 -Нэг их тэгж бодсонгүй. Ер нь би өрсөлдөгчөө нокаутад оруулья гэж нэг их зүтгээд байдаггүй. Манай спортод нэг цохилтоор л бүхнийг шийдэх боломж байдаг, тийм нэг тохиолдол нь Бээжинд болж, гол баатар нь би байсан хэрэг. 

 -Солонгос боксчин тантай тоглохоосоо өмнө л сэтгэлзүйгээрээ ялагдчихсан байсан биз? 

 -Би ямар телепат биш, яаж мэдэх вэ дээ. 

 -Тоглолт болгоныхоо эхний 40 секундыг та их хянуур, тайван эхлүүлж байсан. Энэ нь Ломаченкогийн шинэ стиль үү? 

 -Үгүй ээ. Өрсөлдөгч маань миний тоглолтыг сайн судалсан учраас бас түүнд давуу тал байгаа шүү дээ. Тиймээс алдаа гаргаж болохгүй. Эхний үед өрсөлдөгчөө юу хийдгийг нь мэдэрч байж дараа нь тактиктаа орох нь зөв. 

 -Сүүлийн дөрвөн жилд та боксоос юуг шинээр сурав? 

 -Ялагдал гэж юу байдгийг мэдэж авлаа. 2011 оны Бакугийн ДАШТ -д шүүгчид бразил боксчинд ялалт өгсөн. 2007 оны Чикагогийн ДАШТ -д шүүгчид бас яг иймэрхүү байдлаар ОХУ-ын Алберт Селимовт ялалт өгсөн шүү дээ. Тэр үед би ялагдаагүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ Азербайжанд бол арай дэндүү юм болсон. Ялсан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байлаа. Тийм байхад бразилд ялалт өгсөн. Сүүлд нь зарга мэдүүлж шийдвэрийг буцаалгасан ч гэсэн энэ явдал миний сэтгэлд шинэ мэдрэмжийг өгсөн. 

 -Та одоо өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж мэдэрч байна уу? 

 -Хүү маань төрөхөд л тийм мэдрэмжийг мэдэрч байлаа. 

 -Олимпийн шигшээ тоглолт сонирхогчийн бокст хийсэн сүүлчийн тулаан тань байсан уу? -Тийм гэж бодож байна. Гэхдээ аав, шигшээгийн дасгалжуулагчид юу хэлэхийг сонсоно. Ерөнхийдөө бол сонирхогчдын бокс сонин биш болсон, мэргэжлээс дуудлага хүлээж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна