Хятадын Тайванийн нийслэл Тайпей хотноо болж өнгөрсөн дэлхийн Масеруудын наадамд манай улсаас ОУХМ Т.Пүрэвдорж, ОУХМ Д.Энхтайван нар амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн билээ.
Дэлхийн 102 улсын 25,049 тамирчин спортын 35 төрөлд авхаалж самбаа хүч чадлаа сорин өрсөлдсөн уг наамдын унадаг дугуйн 75+ насны ангилалд өрсөлдсөн ОУХМ ТПүрэвдорж 5.26-нд цуваа гараатай уралдаанд алт, 5.28-нд бөөн гараатай 80 км-ийн зайн уралдаанд алт, 5.29-нд цуваа гараатай 10 км-ийн зайн уралдаанд алтан медаль хүртсэн бол ОУХМ Д.Энхтайван 60-64 насны ангилалд 5.28-нд бөөн гараатай 80 км-ийн зайн уралдаанд мөнгөн медаль хүртсэн.
Монгол хүний тэсвэр тэвчээр, чадварыг олон улсад батлан харуулж чадсан хоёр тамирчинтайгаа эх орондоо хөл тавих торгон агшинд уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Дэлхийн мастеруудын наадамд амжилтай оролцсонд баяр хүргэе. Та хоёрыг амжилттай өрөсөлдөж гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн тухай мэдээллийг монголчууд, дугуйн спорт сонирхогчид тухайн үед нь мэдсэн. Тэгэхээр одоо тэмцээний сонин хачинг сонсохыг хүсэж байгаа байх. Тэмцээн ер нь ямар болж өнгөрөв?
Т.Пүрэвдорж: Тэмцээн сайхан болж өнгөрсөн. Зохион байгуулалт өндөр түвшинд байлаа. Хэцүү нь байгалийн давагдашгүй хүчин зүйл л байлаа даа. Тэмцээний туршид ерөөсөө байнгын бороо орсон. Өөр нэг асуудал нь хэлний бэрхшээл. Хэл устай хүнтэй хамт явсан бол илүү боломжийн өрсөлдчих боломж байлаа. Бид хоёр хоёулаа хэл усгүй болохоор тэмцээний бус үед тэмцээнээсээ илүү ядарлаа.
Наад зах нь такси нь дугуй ачдаггүй юм байна. Тэгээд уралдах газар руу очихдоо, уралдчихаад буцахдаа дугуйгаа унаад л явж байгаа юм.
Өөр нэг зүйл гэвэл, “Олуулаа явсан бол сайхан аа” гэж бодогдлоо. АНУ, Мексик, Итали, Франц, Казахстан гэх мэт улсууд бүх насны ангилалд тамирчинтай ирсэн байна. Мөн ӨАБНУ, Шинэ Зеланд, Австрали улсаас том баг ирлээ. Мексикээс анх удаа дугуйн аг тамирчид ирж, аваргатай болоод буцсан. Баруун Европын томчуудыг бариан дээр гүйцсэн.
Д.Энхтайван: Израилийн баг бас сайн тамирчид ирсэн байна лээ.
-Та /ОУХМ Т.Пүрэвдорж/ тавдугаар сарын 26-нд эхний алтан медалиа хүртсэн байх аа?
-26-нд критериум /тойргийн/ уралдаанд түрүүлээд, нөгөөдөр нь бөөн гараатай 80 км-ийн зайд уралдаж мөн түрүүлсэн. Тэгээд 29-нд цуваа гараатай 10 км-ийн зайд түрүүлсэн. Энд түрүүлэхдээ жаахан ядарч түрүүлсэн. Яагаад гэхээр, бусад багууд эдийн засгийн боломжтой учраас сууриа аваад очдог юм байна. Тэгээд гараан дээр жаахан алдаад сүүлд араас нь очиж түрүүлсэн. Манай Д.Энхтайван бол бөөн гараатай 80 км-ийн зайд ёстой толгойд дүүхэлзсээр байгаад л мөнгөн медаль авсан.
-Тайванаа ах Тайландын Азийн АШТ-д дөрөвдүгээр байрт орсон байсан. Мастеруудын наадамд медалийнхаа салхийг эргүүлж чадлаа?
Д.Энхтайван: Тайландын Азийн АШТ-д дөрөвдүгээр байрт орчихсон. Өмнөх жилийн Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан байсан юм. Тайландад атгаад алдсан медалиа "Мастеруудын наадам"-аас авсандаа баяртай байна.
“Мастеруудын наадам” бол их гоё тэмцээн шүү дээ. Олон орноос, олон шилдэг тамирчид ирж уралддаг. Дээр нь, би багштайгаа хамт явсан болохоор надад илүү тухтай, сайхан байлаа.
Зүүн гар талаас Монголын дугуйн холбоо /МДХ/-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Эрдэнэболд, ОУХМ Т.Пүрэвдорж, МДХ-ны ЕНБД Т.Төгөлдөр, ОУХМ Д.Энхтайван, МДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Даваасамбуу . 2025.V.31, Чингис хаан ОУНБ
Би 1976-1988 онд Т.Пүрэвдорж багшийн шавь байсан юм. Багш маань хажууд, мэддэг, чаддагаа бүгдийг нь зааж өгөөд явж байсан болохоор гоё байгаа байхгүй юу. Бүх тэмцээнд “Одоо ингэ”, “Одоо тэг” гээд заагаад явж байсан. Бөөн гараатай уралдаанд багшийнхаа заавраар явж байгаад л мөнгөн медаль хүртсэн. Японтой хамт урагш гараад арай бараагүй. Бариан дээр алдчихсан.
-Та /ОУХМ Т.Пүрэвдорж/ өмнө нь Дэлхийн мастеруудын наадамд орж байсан бил үү?
Т.Пүрэвдорж: Азийн Номхон далайн орнуудын мастеруудын наадамд хоёр удаа яваад хоёулангаас нь хос алтан медальтай ирсэн. Дэлхийн мастеруудын наадмын хувьд , 2017 онд Шинэ Зеландад болсон наадамд нэг удаа оролцоод IV байр, VII байрт орж байсан. Тэгэхэд хоёр зайд уралддаг байсан юм. VII байрт ороход дугуй хагарсан. Гурвуулхнаа тасраад явж байсан юм. Сая харин Шинэ Зеландад намайг ялж байсан нөхрийг ялсан шүү.
Мастеруудын наадам дөрвөн жилд нэг удаа болдог юм. 2017 оны Шинэ Зеландын наадмын дараа 2021 онд болох ёстой байсан ч цар тахлын улмаас хийлгүй өнжсөн. Тэр тэмцээнийг харин 2027 онд Японд хийхээр болсон байна.
-Одоо тэгвэл 2027, 2029 гээд Дэлхийн мастеруудын наадам ойр, ойрхон зохиогдох нь ээ?
Т.Пүрэвдорж: Тийм. Тэр үед ч би 80 гарсан байх юм байна.
-Дэлхийн мастеруудын наадмын дугуйн уралдааны хамгийн өндөр насны ангилал нь таных уу?
Д.Энхтайван: 80-аас дээш нас гэж бас байгаа.
Т.Пүрэвдорж: Саяын тэмцээн бол 80-аас дээш насны ангилалд ганцхан тамирчин оролцсон. Зохион байгуулагч улсын тамирчин байсан болохоор ч тэр үү, барианд нь оронгуут нь л ард түмэн нь хөл газар гишгүүлэхгүй өргөөд аваад явж байгаа харагдана лээ…
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна