Час өдрөө Ерөнхий сайдаар томилогдох Г.Занданшатарын аврал юу вэ

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 46 минут

Эрх баригч МАН Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг даваа гарагт багтаан шийдэхээр яарч, Нэгдсэн чуулганыг хуралдуулахаар намын бүлгүүдэд шахалт үзүүлсэн билээ. “Засгийн газрыг шуурхай байгуулах шаардлагатай” гэсэн шалтгаар зүтгүүлсэн дээрх шахалтыг “Чуулганы нэгдсэн хуралдааныг 20.00 цаг буюу хэт орой товлон зарлаж, улмаар ажлын өдөрт багтааж дуусгах хуулийн заалтаар түрий барин Шинэ Ерөнхий сайдын асуудлыг нухацтай хэлэлцэх боломжгүй болгож, хүчээр батлах гэж байна” гэж тайлбарлах УИХ-ын гишүүд байсан бол “Г.Занданшатар час өдрөө Ерөнхий сайдаар томилогдохгүй гэсэндээ заавал шөнө хагаслаж чуулган хуралдуулах гэж зүтгэлээ” гэсэн шүүмжлэл ч гарсан байдаг.

Г.Занданшатарын хувьд, 1970 онд төрсөн нохой жилтэн. Сүлд гараг нь даваа, час өдөр нь пүрэв юм байна. Гэхдээ ямар өдөр томилогдсоноос үл хамаараад өөрийг нь, танхимыг нь аврах ажлууд бий. Тэдгээрийг дор жагсаав.

Засгийн газрын бүтцийг цомхотгох, цаашлаад төрийн албыг цомхотгох

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хамгийн түрүүнд яригдах асуудал бол Засгийн газрын бүтэц. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлдог, гэхдээ энэ нь хууль санаачлах, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зэрэг хуулийн процесс явдаг ажил.

МАН-ын нөлөө бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрын бүтцийг “Хамтарсан байдлаар явбал нэг өөр, дангаараа Засаглавал нэг өөр байна” гэж хэлж буй. Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газар бол яамдын тоо олон, бараг 23 хэвээрээ явах юм шиг ярьж буй.

Үнэндээ бол Засагт намууд хатарсан гээд заавал албан тушаал гаргаж өгөх гэж байгаа юм шиг олон яамтай байх хэрэг байхгүй. Эрх баригч, хамтагч намууд эрх ашгаасаа жаахан ухарч, улсаа жаахан бодох л асуудал.

Цаашлаад төрийг цомхон, чадварлаг бүтэцтэй болгох МАН-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх гол хүн нь Г.Занданшатар учраас Засгийн газрын бүтцээ хэрхэн зурахаас МАН сонгуулийн амлалтаа биелүүлж чадах уу гэдэг асуултын хариу бага ч гэсэн тодрох учиртай.

Чадварлаг танхим бүрдүүлэх

Яг одоогийн байдлаар Г.Занданшатарт Л.Оюун-Эрдэнийн огцорч байх үеийнхээс илүүгүй олон нийтийн дэмжлэг байгаа. Нэр хүнд сайнгүй, нөхцөл байдал тааруу байгаа гэсэн үг. Тиймээс танхимаа чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх, зөв бодлого барих нь эхний ээлжинд өөрийг нь зөв харагдуулна.

Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас илүү чадварлаг, зөв харагдах  танхим бүрдүүлнэ гэсэн үг. 100 хувь Парламентаас сонгох нь УИХ-аас дархлаатай болгох сайн талтай ч гаднаас илүү чадвартай боловсон хүчин томилох боломжтой.

Төсөв, татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийг амжилттай хийж хэрэгжүүлэх

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа татвар, нийгмийн даатгалын чиглэлээр хийх шинэчлэлээ танилцуулсан. Тодруулбал,

-Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 800,000 төгрөг хүртэлх сарын цалин нь орлогын албан татвараас 100% чөлөөлөгдөнө.

-500,000 төгрөг хүртэлх худалдан авалт 100% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-500,001–800,000 төгрөгийн худалдан авалт 50% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-800,001 төгрөгөөс дээш худалдан авалт 20% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-Хялбарчилсан горимоор татвараа тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх

-Орон нутаг руу шилжиж, ногоон орон сууц худалдан авч буй иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжинэ. 

-25%-ийн ААНОАТ төлөх босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум болгон нэмэгдүүлж, дунд орлоготой компаниудад 15%-ийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ.

-1%-ийн хөнгөлөлттэй татвар төлөх ЖДҮ-үүдийн орлогын босгыг 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум төгрөг болгон ахиулж гурван жил хөнгөлөх зэрэг арга хэмжээг хоёр жилийн дотор үе шаттай хэрэгжүүлэхээ зарласан. 

Энэ бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Хамтарсан Засгийн газраас Г.Занданшатарт өгч байгаа даалгавар. Нөгөө талаар, АН, ХҮН энэ том ажлуудыг Хамтарсан Засгийн үед санаа нийлж гаргачихаад сүүлд нь цахдаад суугаад байх боломжгүй гэдэг утгаар, энэ бол Л.Оюун-Эрдэни йн хувьд Г.Занданшатарт хүргэж буй том тус юм.   

Дээр нь, өргөдөл гомдлын системд 100,000 иргэний гарын үсэг цугуулсан НДШ-ийн хувь хэмжээг багасгах асуудал, төсвийн тодотгол, 14 мега төслийг ач холбогдлоор нь дахин эрэмбэлэх зэрэг ойрын үед шийдэх чухал асуудлуудад хэрхэн хандахаас Г.Занданшатарын нэр хүнд шалтгаалах юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна