Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр томилогдохынхоо өмнө ""Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг энэ долоо хоногтоо тодорхой болгоно" гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болох хүлээлт үүсээд байна.
Энэхүү үйл явц Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулиар зохицуулагддаг. Өнөөдөр хуулийн ямар процесс өрнөхийг хүргэж байна.
Шинэ Ерөнхий сайд ЗГ-ын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн зурж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр шинэ сайд нарыг томилно
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахдаа хэрвээ бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхөөр бол Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Одоогийн байдлаар Засгийн газар нь 23 сайдтай юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, 23 дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрх
1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна