Монгол төрийг нэр хүндгүй, үе, үеийн Ерөнхий сайдыг хүчгүй харагдуулдаг нэг хүчин зүйл бол ажил хийж гавьдаггүй мөртлөө яам дамжин сайдаар томилогддог дархлагдсан улстөрчид билээ.
Үүний цаана хөдөлмөрийн хуваарь алдагдаж, улс орны өрсөлдөх чадвар суларч байдаг том агуулга явж байгаа учир нийтээрээ дургуйцэж хүлээж авдгийг буруутгах аргагүй. Төр иргэний итгэлцлийг бууруулж, Засгийн газрын тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлж байдаг энэ буруу жишгийг Г.Занданшатар халж чадах уу гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд байна.
Шинэ Ерөнхий сайдын тухайд, яг одоогийн байдлаар нэр хүндийн тал дээр Л.Оюун-Эрдэнийн огцрох үеийнхээс ч дээрдэх юм байхгүй гэдгийг бид өмнө нь нэг бус нийтлэлдээ дурдаж байсан.
Өөрөөр хэлбэл, одоо Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх, дараа нь ажлуудыг барьж авч, хийхдээ ямар бодлого баримтлах вэ, улс орон, ард иргэдийнхээ талд байх зарчим барьж чадах эсэх гэх мэт ирээдүйд хийгдэх ажлууд нь түүний нэр хүндийг өсгөх учиртай. Мөн Л.Оюун-Эрдэнийн алдааг давтахгүй байх ёстой.
Л.Оюун-Эрдэнэ бол танхимынх нь сайдууд өөрийнх нь эсрэг ажиллаж, Түгжилдсэнээс болж унасан. Тэр хүмүүс нь Ерөнхийлөгчийн хүрээллийн хүмүүс байсан учраас мөн тэр хүрээллээс Г.Занданшатар Ерөнхий сайд болсон.
Тэгэхээр, Л.Оюун-Эрдэнийн хувьд сул тал болж байсан “Ерөнхийлөгчийн” гэгдэх хүмүүс одоо Г.Занданшатарын хувьд давуу тал болж хувирна гэсэн үг. Засгийн газраа тогтвортой ажиллуулъя л гэвэл олон нийт ч үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Харин эсрэгээрээ, өөр фракц буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракциас орж ирэх сайд нар сул тал болно. Тэднийг Засгийнхаа эсрэг ажиллаж, "Түгжилдэхгүй" болгох нь Г.Занданшатарын гол зорилго...
Мэдээж танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх, дараагийн Ерөнхий сайд ч энэ эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлэх учир "Түгжил"-үүдийг танхимдаа оруулах эсэхэд нь Г.Занданшатар нөлөөлж чадахгүй.
Гэхдээ улстөрч хүний ёс зүй, улс төрийн соёлыг тухайн улстөрчийн карьер дуусах хэмжээний өндөр түвшинд гаргаж тавьснаараа эсрэг фракцаа шахаанд оруулж, тогтвортой байдлаа хангах боломж бий.
Тодруулбал, түүний танхимд орсон бүх сайд “Энэ Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэг амлалтыг олон нийтэд өгөх ёстой.
Тэгж гэмээ нь, ирээдүйд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн Ж.Энхбаяр, Н.Учрал, Я.Содбаатар, Б.Батцэцэг, эсрэг талаас орох бусад сайд нар Ерөнхий сайдынхаа өөдөөс мэс өвөрлөхгүй, өөрийн орсон Засагтайгаа дуусах тул үхэн хатан Засгийн газрынхаа төлөө зүтгэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.230
Хуучин сайдаас нэг ч хүн бүү оруул
Хариулах59.153.114.188
Маш зөв
192.82.64.153
улс төрийн хариуцлага хүлээж дараагийн засагт орж ажиллахгүй байх ёстой дэмжиж байнаа
Хариулах