Г.Занданшатарын ЗОВЛОН дангаар засаглах, "дэд сайдуудыг тойглох"-оор үргэлжлэх үү

Zuv.mn
7 цаг 58 минутын өмнө

Шинэ Ерөнхий сайд томилогдсон ч танхимаа бүрдүүлж чадахгүй нөхцөл байдал үргэлжилсээр байна.  Өөрөөр хэлбэл, төрийн ажил явж байгаа ч шинэ Ерөнхий сайдын бодлогын хэрэгжилт "гацсан" хэвээр байгаа юм. Хуучин сайд нар суудалдаа үлдэхээр улайрч, хоёрдугаар ээлжийнхэн ч хоолондоо орохоор тэмцэлдэж байгаа нь төрийн зовлон болж хувираад байна.

Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай хуулиуд төдийгүй төрийн байгууллагуудын ажлууд явахгүй, шат шатандаа зогсчихоод байгаагаас харж болно. 

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүнийг өргөн барих учиртай байв. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд тохиргоо хийх уулзалтууд тасралтгүй хийгдсэн ч одоогоор юу нь ч тодорхой болоогүй байна.

Товчхондоо, МАН дангаар засаглах, жижиг намуудтай хамтраад явах эсэх нь ч шийдэлгүй, засагт орж ажиллах сайд нарын нэрс ч эцэслээгүй байгаа юм. 

Эрх баригч МАН АН-ыг Засгаас гаргасан тул энэ удаад тэд хамтрахгүй. Харин найман гишүүнтэй ХҮН нам, тус бүр 4 гишүүнтэй Үндэсний эвсэл, ИЗНН нартай сайдын тоон дээрээ тохирч чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв ойлголцож чадахгүй бол МАН дангаараа засгаа байгуулахаас өөр сонголт үлдэхгүй. 

Харин өмнөх Засгийн сайд нараас болон хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүдээс сайдуудыг томилох нь тодорхой болчихсон гэдэг л ганц бодитой мэдээлэл болоод байна.

Нөгөө талд яамдыг цөөлж, цомхон бүтэцтэй Засгийн газар байгуулна гэж ярьж байгаа ч наадмын дараа эсхүл намраас өмнө дэд сайдуудыг оруулж ирэх тухай хөшигний ард яригдаж байна.

Хэрэв төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй 20 гаруй дэд сайд нэмэгдвэл нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй дүр зураг харагдана. 

Бүрдэж эхлэхдээ л олон саад гацаанд орж байгаа шинэ Ерөнхий сайд улстөрийн хувьд хэр зовлон бэрхшээл туулах нь Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхээс хамаарах нь...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.112.37
    4 цагийн өмнө

    Төрийн байгууллагад чинь хороо зөвлөлд 4 хүнд нэг дарга байна шдээ ядаж байхад тэд нар нь меримт зарчим байхгүй

    Хариулах