ЦОБА ХХК-аас хахууль авч "Хадат вилла"-ийн газрыг олгосон мэргэжилтнүүдэд ял оноолоо

Zuv.mn
8 цаг 40 минутын өмнө

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн нутагт ЦОБА ХХК-ийнхан “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. 

Уг гэрчилгээг авахын тулд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

 Мөн иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулж авах нөхцөлийг бүрдүүлж өгснийхөө төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн нар хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, найман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон байдаг. 

Шүүхээс О.Сайнбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Э.Цэнгэлмаатай хамтарч хахууль авсан гэм буруутайд тооцов. Мөн ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, нийтийн албан тушаалтан Э.Номинзул, М.Сэргэлэн нарыг дээрх хоёр хүнд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэлээ. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 43.8 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд О.Сайнбаяр дийлэнх хэсгийг нь тушаасан баримтаа шүүхэд гаргаж өгчээ.

Ингээд О.Сайнбаярын нийтийн албанд ажиллах эрхийг нийт таван жил хасаж, дөрвөн жил хорих ял оноов. Э.Цэнгэлмаагийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорих ял оноосон бол Э.Номинзулд мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хасах, нэг жил хорих ял оноосон ч шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг жилээр хойшлуулсан юм. ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасах, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноолоо. Харин бусад шүүг­дэгчдийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7-5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Уг нь энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүү­гийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сард хэлэлцээд О.Сайнбаярын ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяраас хоёр удаа хахууль авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байв. Улмаар О.Сайнбаярыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн. Э.Цэнгэлмаа, Э.Номинзул, М.Сэргэлэн, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, А.Сэсэнжав, Ж.Эрдэнэсайхан нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жил хасаж, 2.7-6 сая төгрөгөөр торгох ял оноож байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна