Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

С.Гандэлгэр
3 цаг 5 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд “Засгийн газрын гишүүдийг томилох тухай” асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.

Л.Мөнхбаатар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ: Монгол Улсын хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийнхээ эрх зүйн баталгааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор "Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлж, бодлогын түвшинд нээлттэй, зарчимч, тууштай ажиллахаа илэрхийлсэн.

Түүнчлэн, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, шударга ёсыг сахин хамгаалж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахаа мэдэгдсэн юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАРЫН НАМТАР

БОЛОВСРОЛ

• 1995-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр;

• 2008 онд Отгонтэнгэр Их Сургуулийг Хууль зүйн ухааны магистр

• 2012 оноос Монгол Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант

ТУРШЛАГА

1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын еренхий бүртгэгч

2012 онд Монгол Улсын Еренхий сайдын зөвлөх

2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх

2014-2016 онд "Хөвсгөл хөгжил" сангийн тэргүүн

2016-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023-2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна