Т.Аубакир: Ахмадуудын тэтгэвэр ирэх оны нэгдүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Zuv.mn
4 цаг 18 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Аубакираас Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар тодрууллаа. 

-Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Үүн дээр ахмадууд нэлээд хүлээлттэй байсан шүү дээ. Татварын тухайд ямар нэмэлт өөрчлөлт орсон бэ?

-Засгийн газрын өмнө хоёр сонголт байсан. Эхнийх нь тэтгэврийг 1.5 сая болгоод шударга бусаар гал унтраах байдалтай шийдвэрлэж болох байсан. Хоёр дахь сонголт нь нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийх. Цаг үеийн насжилт, өсөлт, жилийн жилд нийгмийн даатгалын тэтгэвэр авч байгаа иргэд нэмэгдэж байгаа энэ үед реформын шинж чанартай праметрээ өөрчлөх. Мэдээж хоёр дахь замыг сонгосон.

Өнөөдрийн өргөн барьж батлуулсан хуулийг 100 хувь гэж хэлж чадахгүй. Цаашдаа хийх өөрчлөлтүүд их байгаа. Энэхүү хуулиараа бид өнөөдөр авч буй 530 мянга орчим иргэдийн суурь татварыг ажилласан жил, төлсөн шимтгэлтэй нь уялдуулан 100-300 мянган төгрөгөөр  нэмэгдүүлсэн. Үүн дээр “итгэлцүүр”-ийг Засгийн газрын тогтоолоор, нөгөө талдаа инфляцтай уялдуулан нэмэх талаар намар оруулж ирнэ. Үндсэндээ 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдөр авч буй иргэдийн тэтгэвэр нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, гарааны шинэ бизнес эрхэлж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт олгох. Тав хүртэлх ажилтантай шинэ аж ахуйн нэгжийн гурав хүртэлх ажилтан НДШ төлж болно, төлөхгүй байж ч болно.

Өнөөдөр оюутан суралцагчид маань аав ээжийнхээ орлогод ачаалал өгөхгүйн тулд цагийн ажил хийдэг. Гэтэл хөдөлмөрийн харилцаанд ороод эхлэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал яригдаж эхэлдэг. Тийм учраас бид оюутан залуусаа НДШ төлөхгүй байж болно гэсэн сонголтыг өгч байгаа. Энэ бол тэтгэврийн шимтгэл, нөгөө талдаа үйлдвэрлэлийн осол ажилгүйдлийн тэтгэмжээ төлөхөөр байгаа. Энэ маань сурлага хөдөлмөртөө шамдаад явж байгаа оюутнуудад нэмэр болж, нөгөө талаар үйлчилгээний байгууллагуудад тодорхой хэмжээний хямдхан ажиллах хүчийг нийлүүлэх бодлого агуулсан.

Огт хөдөлмөрийн харилцаанд оролцдоггүй, НДШ төлдөггүй иргэдэд бид урилга өгч байгаа. Та хүрч ирээд НДШ төлөгч болчих. Танд хоёр жилийн хугацаатай 50 хувийн хөнгөлөлттэй боломж олгоё гэж байгаа.

Том бизнес эрхлэгчиддээ бас тодорхой хэмжээний НДШ-ийн хөнгөлөлт, боломж олгож байгаа. Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн харилцаанд оролцож байгаа иргэддээ таатай нөхцөл байдлыг санал болгосон хуулийг өнөөдөр УИХ-аар эцэслэн батална. Цаашдаа бид нарт сайжруулах зүйлүүд бий.

Зөвхөн тэтгэврийг Засгийн газар дээр байнга ярьж байгаа. Үнийн өсөлттэй холбоотой цалин хөлс, тэтгэврээ уралдаад нэмээд байж болохгүй. Өргөн хэрэглээний барааны үнийг барьдаг механизмыг Засгийн газар заавал ажиллуулах ёстой. Энэ хавар махны үнэ юу болов гэдэг дээр махны үнэ өсөөд ирэхэд нь интервэнц хийх боломжтой, махны үнэ буулгадаг механизмыг төр заавал авч явах ёстой.

Хоёрдугаарт, ахмадууддаа зөвхөн тэтгэвэр өгөөд орхих биш, төр зарим үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үзүүлдэг байх ёстой. Эмний үнийг ахмадууд дийлэхээ болилоо. Нөгөө талаар эмний чанарын асуудал байгаа учраас Эрүүл мэндийн сайд энэ тал дээр тусгай хөтөлбөр боловсруулах гэх зэрэг үйлчилгээг зэрэг авч явж байж тэтгэвэр авч буй ахмадуудад тэтгэвэр нь бодитоор амьжиргаанд нь хүрнэ.  Намар бодитоор хэрэгжиж эхлэх байх" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна