​М.Бадамсүрэн: Газрын тосны үйлдвэр жилийн дараа ашиглалтад орох гэж байхад түүхий эдгүй байна

С.Батзаяа
1 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Хаврын чуулганы хугацаанд та ямар голлох хуулийн төслүүд дээр ажилласан бэ. Энэ удаагийн чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ хаврын ээлжит чуулганаар олон хууль, тогтоол батлагдлаа. Миний хувьд 21 гишүүний хамтаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энхнасангаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна.

Мөн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон гишүүдтэй хамтран санаачлан өргөн барьсан. Төсөлд газрын тосны рояалти буюу нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилах, газрын тосны орлогоос Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, мөн аймаг, сум болон бүсийн хөгжлийн сангуудад хөрөнгө төвлөрүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Энэ нь зүүн болон говийн бүсийн төлөөлөл болсон гишүүдийн хамтран санаачилсан анхны төсөл юм. Харин хаврын чуулганы үеэр Засгийн газраас эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлсэн тул манай төсөл энэ удаад хэлэлцэгдэж, батлагдаж амжаагүй. Ирэх намрын чуулганаар батлагдана гэж найдаж байна. Иймд уг зохицуулалт 2027 оны төсөвт тусах боломжгүй болж, хамгийн эртдээ 2028 оноос хэрэгжиж эхлэх нөхцөл үүсээд байна.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл таны санаачилсан төслөөс юугаараа ялгаатай вэ? Эдгээрийг нэгтгээд хэлэлцэж болоогүй юу?

-Үзэл баримтлалын хувьд ялгаатай. Манай төсөл газрын тосны нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилах, орон нутгийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.

Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл газрын тос олборлогч компанид тавигдсан 700 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, татварын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү төвлөрсөн. Тус компани уг актыг эсэргүүцэж, Засгийн газартай, АҮЭБ-ийн яамтай  удаа дараа гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Монгол Улс “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу жилдээ 200-300 тэрбум төгрөгний орлого олдог. Өөрөөр хэлбэл, эхлээд олборлосон тосноос гаргасан зардлаа хасаад  “өртөг тос” гаргаж аван, үлдэж буй тосоо хуваадаг гэсэн үг. Үндсэндээ манайд 24 хувийн ногдол ашиг олдог. Үүнээсээ жилдээ 700 тэрбум төгрөг суутгаж авах гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьсан. Газрын тосны тухай хуулийн 45.1 заалтад зөвхөн өөрчлөлт хийх юм.

-Та энэ зохицуулалтыг дэмжиж байгаа юу?

-Миний хувьд энэ зохицуулалтыг дэмжихгүй байгаа. Учир нь, энэ нь төрөөс илүүтэйгээр тухайн компанийн эрх ашигт нийцсэн хууль болох эрсдэлтэй гэж үзэж байна. Компанийн зүгээс “700 гаруй тэрбум төгрөгийг биднээс авна гэвэл олборлолтоо нэмэгдүүлэх боломжгүй” гэсэн байр суурь илэрхийлдэг. Засгийн газар ”олборлолтоо нэмэгдүүлэхгүйгээр 2028 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад орохоор түүхий эдгүй болох гээд байна” гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ 700 гаруй тэрбум төгрөгийн өр авлагыг нэг компанид зориулсан хууль гэж хэлж болохоор, үүнийг шийдлээ ч гэсэн олборлолтыг жилд 1.5 сая тоннд хүрч чадах уу гэдэгт  эргэлзэж байгаа. Засгийн газар ямар гэрээ хэлэлцээр хийсэн талаараа тайлбар өгнө байх. Гэхдээ ганцхан жилийн дараа үйлдвэр ашиглалтанд орлоо. Гэсэн ч үйлдвэр түүхий эдгүй. Би гишүүн болсон цагаасаа үүнийг шаардаж, ажил болгох ёстой гэдэг байсан. Миний зүгээс дэвшүүлж байгаа хоёр хувилбар байгаа.

-За?

-Эхнийх нь үндэсний олборлогч компанитай болох хэрэгтэй. Төрийн өмчит үйлдвэр  хэдий ч  түүхий эд нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хамааралтай. Харин тэр компаниудын зүгээс “Та нар үүнийг шийдвэрлэж өгвөл бид олборлолтоо нэмэгдүүлье” гэвэл яах вэ. Тийм учраас зүйрлэж хэлвэл сүүний үйлдвэр байгууллаа гэж бодоход үнээгээ бид өөрсдөө саах ёстой.  Хоёр дахь хувилбар нь манай зүгээс түүхий эд олборлолттой холбоотойгоор туршлага ихтэй Орос, Хятад хоёр хөрштэйгөө  хамтарч ажиллах санал дэвшүүлбэл ямар вэ.

 -Таны өргөн барьсан хуулийн төсөлд орон нутаг АМНАТ-өөсөө авч үлдээд, бүтээн байгуулалтаа хийхээр тусгасан. Энэ зохиулалттыг олон жил ярьсан. Энэ хууль батлагдвал анх удаа орон нутаг төсөвтэй болно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд АМНАТ-өөс оруулаад 21 аймагт жигд хуваарилдаг. Тэгэхээр нөлөөлөлд өртөж буй бүс нутагт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудал, гүний усны хомсдол, бэлчээрийн доройтол гэх мэт тэнд амьдарч байсан хүмүүст сөрөг нөлөөлөл учруулдаг. Сэтгэл зүй нь хүртэл сөрөг нөлөөлөлд өртдөг. Жишээлбэл, олон тооны гадаад ажилчидтай байх, уурхайд зохих ёстой шаардлагыг тавихгүй байна гэх мэт нөлөөллүүд маш их учирдаг. Тэгэхээр АМНАТ-ийг 30-80 хувийг тухайн бүс нутагт хуваарилдаг. АМНАТ гэдэг бол ашиг олохоос үл хамаараад гарсан борлуулалтын орлогоос тодорхой хувийг авдаг олон улсад олон жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тогтолцоо юм. Гэтэл манайд яагаад үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийг бие даалгах бодлогыг үргэлж жадлан эсэргүүцэж ирсэн. Одоо бол бид зарчмын томоохон шаардлагыг тавьж байгаа учраас харьцангуй олон парламентын гишүүдтэй боллоо, шинэ гишүүд нэмэгдлээ гээд хэлэлцэх эсэх нь дэмжигдээд явж байна.

-Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг 21 гишүүний хамт өргөн мэдүүлсэн гэсэн.  Ямар зохицуулалт тусгасан бэ? 

-Хүүхдийн хөгжлийн дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд хүүхдийг бага, дунд ангиас нь эхлээд зөвхөн боловсролын байгууллагад хөгжлийг нь даатгах биш хичээлээс гадуурх өдрүүдэд буюу өдөрт 4-6 цагт хичээлд суудаг. Бусад цагт, үдээс хойш, үдээс өмнө эсвэл амралтын өдрүүдэд, зуны өвлийн амралтуудад хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг хуульчилж өгөх юм.

Монгол Улсад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль байдаг. Харин Хүүхдийн хөгжлийн тухай бие даасан хууль байдаггүй. Үүнийг яагаад хийх болсон гэхээр нэгдүгээрт миний хувьд Дорнод  аймгийн хүүхдийн төлөөх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2022 оноос эхлээд жилдээ 9000 хүүхдийг өөрийн сонголтоор нь 30 гаруй төрлийн дугуйлан секцээс хоёроос доошгүйд нь хамрагдахад нь зориулж нэг хүүхдийг нэг сар сурахад нь 30 мянган төгрөгийг уул уурхайн салбарт хурмтлуулсан мөнгөнөөс буюу жилдээ 1.8 тэрбум төгрөг олгодог байсан. Энэ мөнгөөр Дорнод аймгийн бүх сум, багийн хүүхдүүдийг сургадаг. Хамтарсан санхүүжилт буюу 60 хувь нь аймгаас, 40 хувь нь эцэг эхээс гардаг. Ингэснээр хүүхдүүд авьяас чадвараа нээн хөгжүүлэн чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, багш нар нэмэлт орлоготой болсон. 200 гаруй багш энэ төслийг хичээллүүлдэг.   Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байгаа учраас хуульчилж орон даяар хэрэгжүүлье гэж зорьсон.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүн, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Малчдын хүүхдүүдийг найман наснаас нь сургуульд сургана гэдэг хуулийн төсөл УИХ хэлэлцэж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Үнэхээр зургаа, долоон насанд нь цахимаар боловсрол эзэмшүүлэх нь зөв үү?

-Энэ хоёр талтай. Нэг хэсэг малчид багаас нь боловсрол эзэмшүүлэхийг дэмждэг бол нөгөө нь боловсролын чанарын ялгаа гарна гээд боломжгүй гэж үздэг. Тэгэхээр бид орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр одоо Монголд л байгаа байх. Учир нь, бид нүүдэлчин ахуйтай. Их, дээд сургууль бол насанд хүрсэн учраас байж болно. Бид өмнө нь найман настайдаа сургуульд ордог байсныг зургаа болгосон. Энэ бол дэлхийн жишиг. Хүүхдийн хөгжил ч харьцангуй эрт эхэлдэг болсон. Тэгэхээр зургаан настайд сурч эхэлдэгээсээ ухарч болохгүй.

Гэхдээ хувилбартай байх ёстой. Заавал ажлын таван өдөр хичээллүүлэх шаардлага байхгүй. Барууны орнуудад ажлын дөрвөн өдөртэй болсон. Социалист нийгмийн үед бямба гарагт 14 цаг хүртэл хагас ажиллаж, бүтэн сайн өдөрт нь амардаг байсан. Ардчилсан орнуудад амралтын өдөр их байгаа нь энэ өдрүүдээ гэр бүлдээ цаг гаргах, хувийн аж ахуйгаа хөгжүүлэх зорилготой.

Тэгэхээр хувилбартай байгаад эцэг, эх өөрөө сонгоно. Зайнаас суралцах боломжийг судлах, хоёрдугаарт явуулын багш ажиллуулах, гуравдугаарт сумын төвд хоёроос гурван өдөр танхимаар хичээллэж болно.

Дотуур байранд зөвхөн хүүхэд амьдрах биш гэр бүлээрээ ирээд ажлын 2-3 өдөрт хүүхдээ танхимаар сургаад, даалгаврыг аваад бусад өдөр гэртээ давтуулах гэх мэтээр эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлээд явна. Гэхдээ малчдад хүндрэлтэй. Энэ өөрөө нүүдэлчин монголчуудын онцлог.

-Хаврын чуулганы завсарлагаанаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ.  Мэдээж сонгогчидтойгоо уулзах байх?

-Тойрогтоо ажиллана. Өнгөрсөн намар, хаврын чуулган асар ачаалалтай байсан. Мөн хууль тогтоолуудаа суртачлахын зэрэгцээ батлахаар төлөвлөж буй хуулиудад санал авна. Тухайлбал, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах санал авч, өргөн барихаар бэлдэж байна. Энэ нь аж ахуйд зориулан 0,1 га талбайг нэг удаа үнэгүй эзэмшүүлэх тухай санал юм. Хоёрт өвөлжөө хаваржааны газрын хэмжээг тогтоож орон нутагт эрхийг нь өгнө. Дундаа бэлчээртэй учраас өвөлжөө, хаваржаа, гүний худаг эзэмшиж байгаа хүмүүс орчны бэлчээрээ түрүүлж ашиглах гээд бэлчээрийн доройтол үүсч байгаа. Энэ нь ургамлын бүрхэвч, цөлжилт дулаарлын эсрэг гээд маш том бодлогын асуудал болно. Таван жил үүнийг тэр үед батлах байсан юм гэж ойлгоно. Үүнийг би хүчтэй дэвшүүлж байгаа. Дээр нь газраа  бусдад зарахыг хязгаарлах бодлогыг баримталъя. Учир нь, том компаниуд махны үнэ нэмэгдээд ирэхээр малчдын үржил шимтэй худаг ус, хашаа хороог худалдаж аваад шахаанд оруулах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Тийм учраас хягаарлах эсвэл зөвхөн тэр газрыг бусдад зарахыг зөвшөөрөх Багийн иргэдийн нийтийн хурлын саналаар эсвэл өндөр татвартай байх зэрэг эдийн засгийн болон захиргааны аргыг хослуулах хэрэгтэй.

-Та 0.1га газрыг орон нутагт үнэгүй эзэмшүүлэх заалтыг ярилаа. Энэ орон нутагт үйлчлэх үү. Хязгаар нь ямар байх вэ?

Ганцхан орон нутагт үйлчлэх биш. Ер нь нэг удаа гэж байгаа юм.

-Улаанбаатарт газар байгаа юу?

-Дүүрэг харьяа газруудаар тооцоод хэлж байна шүү дээ. Гэхдээ үүнийг өгөөжтэй өндөр зохион байгуулалттай хийх ёстой. Замбараагүй олгож болохгүй. Ялангуяа хот хоорондын зам дагуу газар олгох ёстой гэж би боддог. Учир нь нэгдүгээрт, зам нь байна. Хоёрдугаарт, эрчим хүчний шугам нь замаа  дагаад явж байгаа. Түүнээс уулын мухарт очоод үйлдвэр үйлчилгээ эрхэлнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс бусад орон шиг зам дагуугаа эхлээд хөгжүүлье. Яагаад газар авч чадахгүй байгаа вэ гэхээр дуудлага худалдааных нь мөнгийг төлж чадахгүй байгаа. Том хэмжээний газрыг магадгүй бага хүүтэй, жилийн нэг хоёр хувийн хүүтэй зээл олгодог, бизнесүүдээ дэмждэг. Гадаадын компани, хувь хүмүүс монголчуудаар дамжуулж газар аваад байгаа гэдгийг бид маш сайн бодох хэрэгтэй.

Газар бол улсын үндэс. Тэгэхээр энэ өргөн уудам нутгийн 3.6 сая хүндээ боломжоороо эзэмшүүлье. Гэхдээ ганцхан зарчим нь зөв зохион байгуулалттай өгөх. Тэгэхээр төрийн байгууллагын чадамжийн асуудал үүнд үүснэ. Газрын байгууллагуудыг маш сайн чадавхжуулах хэрэгтэй. Тэгэхээр хууль батлахаас гадна хэрэгжилтийг давхар хянах нь чухал юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна