Ж.Энхбаяр: Би О.Номинчимэг нарын гишүүний хэлэлцүүлж байгаа Тамхины хяналтын тухай хуулийг мэдэхгүй

Zuv.mn
1 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тамхины онцгой албан татварыг өөрчлөх асуудал нь Тамхины хяналтын тухай хуулиас өөр зохицуулалт болохыг тайлбарлав. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

-О.Номинчимэг гишүүний хувьд таныг сайд нар болон гишүүдэд нөлөөлж байгаа гэсэн. Та тайлбар өгөөч?

-Андуурсан байх. Хоёр төрлийн хууль байгаа. Нэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн тамхины онцгой татвартай холбоотой хууль, нөгөө нь Б.Номинчимэг гишүүний Тамхины хяналтын тухай хууль. Тамхины хор нөлөөг тогтоох, сургуулийн орчин хязгаарлах гэх мэт зүйлс байгаа. Харин Засгийн газар татварын асуудал оруулж ирсэн. Учир нь, Евроазийн орнуудтай Монгол Улс гэрээ хийсэн. Долоон сарын 22-ноос үйлчилж эхлэх тус гэрээнд 367 төрлийн барааг татварын нэн таатай нөхцөлөөр харилцан нэвтрүүлнэ. Энэ 367 төрлийн бараанд тамхи орсон. Тухайлбал, Монголын тамхины зах зээлийн 30 гаруй хувь нь Евроазийн орнуудаас орж ирдэг. Түүгээр бид гаалийн татварыг 5 хувь болгох үүрэг хүлээсэн. Иймд бусад улс орноос орж ирж байгаа ижил төрлийн бараанд худалдааны өрсөлдөөний тэгш байдлыг хангахын тулд гаалийн татварыг 0 болгоод, онцгой албан татварыг нийтээр нь нэмж байгаа гэх зохицуулалтуудыг Засгийн газар оруулсан. Түүнээс тамхины хортой, хоргүй асуудлууыг хөндөөгүй.

-Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Гишүүд санаачилсан, УИХ батална биз дээ. Бид тамхинд онцгой албан татвар тавьдаг нь татварын том бааз, нөгөө талдаа иргэдийн эрүүл мэндийн асуудалд шууд нөлөөлдөг бараа. Иймд онцгой татвараар зохицуулалт хийж хянадаг. Үүн дээр татварын алдаа гарч болно. Өндөр татвар тавихаар хориглох, хүн татахаа болих асуудал биш эсрэгээрээ далдуур, хууль бус наймааг өдөөдөг. Тийм алдаанд битгий ороосой гэдэг үүднээс татварыг бусад орны жишгээр бүс нутагтайгаа уялдуулж тавих хэрэгтэй" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна