-Б.Энхбаяр, Г.Дамдинням нар АМГТ, Үндэсний геологийн албаны даргыг хууль зөрчиж томилж, энэ ажлыг хийлгэх гэж байна
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нартаа хууль журмын дагуу ажлаа явуулахыг Ерөнхий сайд Н.Учрал та үүрэг болгохгүй бол таны Засгийн газрын үед ААН-үүдэд 35-150 мянган га газрыг эрэлийн талбай мэтээр өгч, хоёр жилийн дараа энэ газрынхаа дуртай хэсэгтээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж байна шүү. Хожим гарах урхагийг 20, 30 жилдээ ярих болох нь, таны Засгийн газрын үед гэж авторлагдаж үлдэх нь ээ.
УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө яаран сандран Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийн “хулгай” хийх гэж байна. "Урт нэртэй” хуулийн уршгаар маш олон лиценз олгож, уул уурхайгаас үүдэж олон гол горхи ширгэж, нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль сүйдэж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан жишээг бид сүүлийн 20 орчим жил ярьж, шинээр эрэлийн болон хайгуулын лиценз олгохгүй байхаар хуульчилж, 2016 онд Ашигт малтмалын тухай хуульд маш сайн нэмэлт, өөрчлөлтүүд оруулж байсан. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд 35-150 мянган га талбайд эрэлийн талбай олгох гэж байна. Нэг ёсондоо, 35 мянгаас дээш га талбайг ямар ч сонгон шалгаруулалтгүй эрэлийн талбай авах эрхийг ААН-үүдэд өгөх зохицуулт оруулж байна. Компаниуд хоёр жилийн дотор бага сагахан ажил хийж байгаад энэ, энэ талбай дээрээ хайгуулын лиценз авах боломжтой болж буй хэрэг.
Тэгэхээр үүнийг гардан хийхэд өөрсдийн итгэлтэй хүн хэрэгтэй. Үндэсний геологийн алба эрэлийн, Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл /лиценз/ олгодог. Гэтэл энэ хоёр агентлагын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Мөнхбилэг, П.Баянбаатар нар төрийн албаны шаардлага хангаагүй учир жинхлэгдээгүй. Улмаар тэдний томилгоог хууль зөрчиж хийсэн учир дахин сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ ирүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цэдэвсүрэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа аж. Хуулиа хэрэгжүүлж байгаа нэрээр Б.Энхбаяр сайд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд дээрх хоёр агентлагын даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах захиалгаа өгсөн, энэ дагуу ТАЗ сонгон шалгаруулалт зарлаад байж байтал долоо хоногийн дараа Б.Энхбаяр сайд хойшлуулж өгөхийг хүссэн албан бичиг шидэж, зогсоогоод байна. Үндсэндээ, хууль биелүүлсэн гэж харагдаад өөрсдийн хүнээ томилуулах арга саам эрэлхийлж байгаагийн цаад шалтгаан Ашиг малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдож буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдсэн болов уу.

Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийгээд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт дээрх хоёр хүнийг Төрийн албаны тухай хуулийн 27.1, 27.2, 33.3, 42.1, 43.3, 43.4 заалтыг зөрчиж томилсон байна гээд зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хүргүүлсэн байдаг. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны даргын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор ирүүлээрэй гэжээ.
Нөгөө талд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням агентлагын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилж хууль зөрчөөд байна. Уг нь агентлагийн дарга нарыг салбарын сайд биш Засгийн газрын хуралдаанаас томилдог. Сайдын тушаал хууль бус тавдугаар сарын 1-ний дотор энэ зөрчлөө арилгахыг Төрийн албаны зөвлөлөөс өгөөд байхад "нүдэн балай чихэн дүлий" сууж байгаагийн цаадах үнэн нь энэ юм байна.
Ашигт малтмал газрын тос, Үндэсний геологийн албаны даргыг түр орлож буй Н.Мөнхбилэг, П.Баянбаатар нар төрийн албаны шалгуурт нийцэхгүй байгаа ч чөлөөлөхгүй байгаа энэ ашиг сонирхлын зөрчил, цаашлаад хуулийн “хулгай”-г биелүүлэх гар хөл болох энэ хүмүүсээ Ерөнхий сайд Н.Учрал нэн даруй чөлөөлж, хууль журмын дагуу ажлаа явуулахгүй бол уул уурхайн лицензыг баруун солгогүй олгосон Засгийн газраар нэрлэгдэж, түүхэнд үлдэх вий.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цэдэвсүрэн та мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлаа хийх ёстой. Та бол хараат бусаар ажиллах үүрэгтэй хүн. Эрхтэн, дархтан бичиг цаас шидсэний зоргоор, гарын үзүүрт зарагдаад байвал Монгол төрийн албаны залгамж чанар, мерит зарчим алдагдах нь ээ. Нөгөөтэйгүүр та Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг хаацайлж байгаа нь таны үед Монгол төрийн босго намсаж, хууль биелүүлдэггүй байдал газар авах нь. Төрийн албаны зөвлөл дээрх хоёр агентлагийн дарга нар хууль бус гээд томилгоог хүчингүй болгосон хэр нь сул орон тооны сонгон шалгарулалт зарлахгүй байгаа нь та эс үйлдэхүйгээр төрд асар том хор хөнөөл учруулж буй хэрэг шүү, Б.Цэдэвсүрэн дарга аа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна