“TOUR OF MONGOLIA 2025”: Шийдвэрлэх гараа өнөөдөр болно

Zuv.mn
10 цаг 51 минутын өмнө

26 дахь удаагийн Монголын олон өдрийн уралдаан “TOUR OF MONGOLIA 2025” тэмцээний шийдвэрлэх V гараа өнөөдөр болно. Өнөөдөр тамирчид Тосонцэнгэл-Улиастай чиглэлд 134 км, эмэгтэйчүүд Тэлмэн-Улиастай чиглэлд 75 км зам туулж уралдана. Уралдааны замд алдарт Загастайн даваа бий. 

Тэмцээний зургаан гараанаас хамгийн урт, алсуураа 40 км, үүнээс 20 км нь илүү өгсүүр замтай энэ гараа аваргын хувь заяанд хамгийн их нөлөөлнө.      

Өчигдөр болсон дөрөвдүгээр гараанд /VIII.19/ Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл сумын хооронд боллоо. Талын хоёр дундын бариатай, бариаг ууланд барьсан онцлогтой уулын этап байсан бөгөөд тамирчид нийт 91 км туулж уралдсан юм. IV гарааны тойм мэдээллийг хүргэж байна.

Эрэгтэй элит: ОУХМ Э.Билгүүнжаргал түрүүлж, шилдэг уулчны цамцаа эргүүлж авлаа

Дөрөвдүгээр гараа тэмцээний анхны уулын этап байснаараа онцлог байсан. Гарааны дундын барианд 5 оноо өгдөг, бариа буюу түрүүлсэн тамирчинд 10 оноо өгдөг болохоор бариаг хаана хийх нь чухал бөгөөд түүгээр нь нэрлэдэг учиртай. Нөмрөг-Тосонцэнгэлийн чиглэлд 91 км-т болсон дөрөвдүгээр гараа нь ууланд бариалсан, уулын гараа байсан бөгөөд энд түрүүлсэн тамирчин тэмцээнийг шилдэг уулчны алаг цамцтай дуусгахад том давуу тал олж авах байсан.

Энэхүү гараанд “Алдар” спорт хорооны тамирчин Э.Билгүүнжаргал 2.25.36.40 амжилтаар түрүүллээ. Тэмцээний гурав дахь өдөр хоолны хорлого авч эмчилгээ хийлгэсэн тэрбээр тэвчээр заан түрүүлж, сайн тамирчин болохоо харуулав.


ОУХМ Э.Билгүүнжаргал /"Алдар"  спорт хороо/

“Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ, “Хубилай хаан” багийн тамирчин ОУХМ Б.Идэрболд, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр нар 2.28.00.39 амжилтаар удааллаа. “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Э.Болор-Эрдэнэ 2.28.04.02 үзүүлэлтээр тавдугаарт орлоо.  

Ингэснээр Э.Билгүүнжаргал тэмцээний эхний хоёр гараанд эзэмшсэн уулын дугуйчны алаг цамцаа эргүүлж авах нь тодорхой болж, нийлбэр дүнгээр тэргүүн байрын төлөө өрсөлдөөнд орж ирсэн бол дөрвөн гараанд жигд уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн шар цамц өмсөх нь тодорхой болов.

Нийлбэр дүнг дөрвөн гарааны дараах байдлаар “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ 9.04.15.43 амжилтаар тэргүүлж, “Хубилай хаан” багийн тамирчин ОУХМ Б.Идэрболд 9.04.51.76, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Э.Болор-Эрдэнэ 9.05.05.39, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр 9.05.05.76, байдлаар “Catco racing team” багийн тамирчин ОУХМ А.Даваажаргал 9.05.55.72, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Билгүүнжаргал 9.08.48.41, “Питчит-Питсанюлок 2025” Азийн АШТ-ийн “U 23” ангиллын мөнгөн медальт ОУХМ  Х.Тэмүүлэн 9.13.37.16 цагийн амжилтаар эхний наймдугаарт бичигдэж байна.

Эмэгтэй элит: СМ Г.Энхжин хоёр дараалж түрүүлэв

“TOUR OF MONGOLIA 2025” уралдааны 2018 оны аварга СМ Г.Энхжин гурав, дөрөвдүгээр гараанд дараалж түрүүллээ. Багаасаа тодорсон тэрбээр 2018 онд тус тэмцээнд түрүүлж байсан бол энэ жил гол өрсөлдөгчийн тоонд орж, үзүүлэлтээ гараанаас гараанд ахиулсаар байна. Тэрбээр өнөөдөр 2.56.14.92 үзүүлэлтээр түрүүлснээр Нийлбэр цагийн амжилтаа 9.37.05.01болгож, багийн анд Ж.Анужингаас 2 минут 29 секунд орчмоор тэргүүлэн шар цамцны эзэн боллоо.

СМ Г.Энхжин /Catco racing team/

Хэдхэн сарын өмнө Улаанбаатарын замд автомашины осолд орсон ОУХМ Ц.Солонго “Алдар” спорт хорооны нэр дээрээсээ уралдаж 2.56.56.32 үзүүлэлтээр удаалж, тэмцээний нийлбэр дүнг тэргүүлж байсан “Catco racing team” багийн тамирчин СМ Ж.Анужин 2.58.43.95 амжитаар гуравдугаарт орноор тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнд үлдэж чадлаа.

“Алдар” спорт хорооны тамирчин Э.Энхмаа 2.58.36.05 амжилтаар дөрөвдүгээрт оров. Тэрбээр 9.42.06.58 үзүүлэлтээр дөрвөн гарааны дараах нийлбэр дүнгээр гуравдугаарт явж байна. 

Өсвөр үе: Э.Сайханбилэг эхний гараандаа түрүүлж, нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ 

 Эхний гурван гараанд нэг л болж өгөхгүй байсан СМ Э.Сайханбилэг анх удаа түрүүлж, тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ. Тэрбээр нэг багийн М.Мөнхбаясгалангийн хамт тасарч, 2.29.54.10 үзүүлэлтээр түрүүлэн гол өрсөлдөгч “Шилийн богд" клубын Д.Халиунболдыг нийлбэр дүнгээр гүйцэн "Шилдэг залуу дугуйчин"-ы цагаан цамцны эзэн болсон юм. 

СМ Э.Сайханбилэг /Хубилай хаан/

Өнөөдөр өглөө 10.00 цагаас өчигдөр болсон IV гарааны ялагчдад шагнал гардуулах ёслол болох бөгөөд дараа нь V гараа /Тосонцэнгэл-Улиастай 134 км/ эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна