А.Ариунзаяа: Г.Занданшатар дарга аа яагаад намын асуудлыг төрийн зовлон болгочихов оо

Т.Отгонсувд
6 цаг 27 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. 

Хурлын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Г.Занданшатар дарга аа яагаад намын асуудлыг төрийн зовлон болгочихов оо. Манай бүлгийн гишүүд хүртэл юунаас болж энэ асуудал үүссэнийг марьчихсан байна лээ шүү дээ. Намын даргын сонгууль болсон юм байна лээ шүү дээ уг нь. Бага хурлаар нэг нь ялсан юм. Шөнөжингөө муур хулгана болж тоглоод нэг талдаа гарсан юм. Хэрэв та бага хурлаар ялсан бол өнөөдөр ийм асуудал болох уу. Хамтдаа баталсан журмаараа даргаа сонгосон. Өнөөдөр манай төрийн зовлон намын даргын суудлаас боллоо. Та ялагдчихаад өрсөлдөгчдөө тахимаа өгч чадахгүй хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж, шүүхээр тогтоогоогүй байхад гүтгэх нь хэр зохистой вэ? 

Таныг ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхэд "Би ялагдлаа. Цаашдаа хамтраад ажиллая" гэх байх гэж хүлээж байтал та "Чи хулгайч юм байна" гээд хууль зөрчин Б.Энхбаярыг сайдаар томилохоо зарласан. 

Үүнд Ерөнхий сайд Г.Занданшатар "Энэ намын байгуулалтын хэлтэс биш. ТББХ хуралдаж байна. Та Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордонд байна. Би анхнаасаа намын хэрэг намдаа, төрийн индэр төрдөө гэдэг зарчим барьсан. 

Би нүүрсний хулгайг зогсоох төрийн ажил ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үндсэн үүрэг. Тийм учраас намын даргын асуудлыг ярих нь энд зохисгүй. Би Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгийг сэргээх асуудлыг тавихад нүүрсний хулгайг таслан зогсоохтой л холбогддог. Ийм л сонголтын өмнө би ирчихсэн байгаа" хэмээн хариулав. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна