Ерөнхийлөгчийн сонгууль дахиад “60 чавганцын уралдаан” болох уу...

Zuv.mn
43 минутын өмнө

-МАН-ын төр цаашдаа ч Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан хүмүүсийг барьж хориод л байх хэрэг үү-

Монгол Улс Ерөнхийлөгчөө төрийн тэргүүн, улс үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж Үндсэн хуульдаа заасан. Энэ утгаараа хамгийн нэр хүндтэй, ард түмний хүндэтгэлийг хүлээж, сор нь болсон улстөрч, зүтгэлтүүд өрсөлдөж, олонхын дэмжлэг авсан нь ялалт байгуулах учиртай.

Гэтэл энэ чухал сонгууль дахиад “60 чавганцын уралдаан болох нь уу” гэсэн болгоомжлол төрөх боллоо. “Дахин” гэхийн учир нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Парламентад суудалтай намуудаас МАН-ын У.Хүрэлсүхийг эс тооцвол жинхэнэ лидер өрсөлдөөгүй.

Ардчилсан намаас нэр дэвшиж ялах хамгийн өндөр магадлалтай Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр, Н.Алтанхуяг хуулийн байгууллагад шалгагдсаны улмаас нэр дэвшиж чадаагүй. Улмаар Дээд шүүхээс “Хүчин төгөлдөр тамгатай” гэж шийдсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өрсөлдсөн.

Улмаар хүч тэнцвэргүй өрсөлдөөн буюу “60 чавганцын уралдаан” болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялсан байдаг.

Тэгвэл зургаан жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ түүх давтагдах нь уу гэсэн мэдрэмж төрөх боллоо.

Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад нэр дэвшихээ зарласан хоёр ч хүн хуулийн байгууллагын хаалга татлаа. Хоёр хүн л амбийцаа зарласан, хоёулаа улирсан баларсан үг яриа, үйлдлээрээ хууль шүүхийн хаалга татсан гэхээр, үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан сортоотой хүмүүсийг хэргээр “агнаж” байна уу гэж хардаж болохуйц үйл явц өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх амбийцаа илэрхийлсэн С.Ганбаатар гишүүнийг хуулийн байгууллага хараандаа авч, олон жилийн өмнөх үйл ажиллагааг нь шалгасан. Дараа нь Х.Тэмүүжин дээр адил зүйл болсон. Х.Тэмүүжин гишүүн АН-ын даргын сонгуулийн үеэр "Ерөнхийлөгчийн сонгууль захиалгатайгаар явагдсан шүү дээ. Энэ эрсдэл давтагдах вий гэсэн болгоомжлол байгаа" гэж хэлсэн байдаг.   

Дараагийнх нь Н.Алтанхуяг. Жилийн өмнө Ардчилсан намын гишүүн Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж зарласны дараа нэр бүхий дөрвөн прокурор эсэргүүцэл бичин гурван шатны шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргийг нь сэргээсэн.

Хамгийн сүүлд философич С.Молор-Эрдэнийг ИЗНН-аас нэр дэвшихээ зарлангуут нь жилийн өмнө олон нийтэд нээлттэй цацагдсан ярилцлагынх нь агуулгыг сөхөж, 12 хүртэлх жилийн ялтай зүйл ангиар эрүү үүсгэлээ. Улмаар 30 хоног хорих шийдвэр гаргаад байна.        

“Тунгалаг Тамир” кинонд Ням өвгөн Ардын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч болоод нутагтаа осон Эрдэнээс “Ингэхэд Ардын засаг маань баяжсан хүний мал хөрөнгийг хураагаад л байх хэрэг үү” гэж асуудаг. Тэгвэл яг одоо эрх баригч МАН-ын эвэртэн тууртнуудаас “Ингэхэд энэ энэ төр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүнийг барьж хориод л байх хэрэг үү” гэж асууя. 

Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн сонгуулиа дахиад 60 чавганцын уралдаан болгомооргүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна