"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /товчоор ”Оюутолгойн сонсгол”/-ын эхний өдрийн тоймыг хүргэж байна.
Асуудлыг шийдэх боломж “Онтрэ”
Оюутолгойн бүлэг орд нь таван лицензтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэдгээр ордын гурав нь Оюутолгой ХХК-д, хоёр нь “Онтрэ” компанид бий. “Онтрэ”-гийн хоёр лиценз нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий гэдэг.
“Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр “560 метрээс илүү” гүнд байвал “80:20”, “560 метр хүртэлх” хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.
Хоёр компани энэхүү гэрээгээ албажуулаагүй байсныгаа энэ оны эхээр Арбитрын шүүхээр шийдүүлсэн бөгөөд шийдвэр “Онтрэ”-гийн талд буюу “2004 оны гэрээгээ албажуул” гэж гарсан. Ингэснээр “Онтрэ”-гийн хувь эзэмшил баталгаажжээ.
Харин “Онтрэ” ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангийн хуулийг дагаж “Монгол Улсад 34 хувийг нь өгөхөд бэлэн“ гэдгээ илэрхийлсэн талаар тухайн үеийн АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдэгдсэн байдаг. Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ эзэмшинэ гэсэн үг. Хувь эзэмшихгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-өөр орлууллаа гэхэд мөн 6.8 хувийг авна гэсэн үг.
10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь /51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмшинэ гэсэн үг. Энэ бол зөвхөн “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшсэнээр бий болж байгаа боломж. Гэхдээ, 34 хувийг ямар байдлаар эзэмших вэ гэдэгт ялгаа бий. Өөр, өөрсдийнхөөрөө шийдүүлэх гурван ашиг сонирхол байгаа бөгөөд үүнийг шийдэх нь Оюутолгойн сонсголын гол зорилго юм.
Цаг хугацааг 16 жилээр ухраах “Рио Тинто”-гийн ашиг сонирхол
“Оюутолгой” ХХК-ийн хувьд, “Онтрэ”-гийн лицензит талбайг анхнаас нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг гэж үзэж байснаа сонсголын үеэр илэрхийлсэн. Тэднийхээр явбал Монголын тал “Онтрэ”-гийн лицензит талбайд байгаа баялгийн “Онтрэ”-д ногдох хэсэг /Рио Тинто 80, Онтрэ 20 хувь гэж тохирсон байгаа/-ээс 34 хувийг эзэмшинэ.
Гэхдээ гэрээний нэг хэсэг болсноор тус талбайгаас олборлох баялаг 2009 оны хууль эрхзүйн орчин, гэрээгээр эдлэх хөнгөлөлтийн зарчмаар буюу Монголын талд өгөөж муутай хэлбэрээрээ явна гэсэн үг. “Эрдэнэс Монгол ХХК”-ийн захирал асан С.Наранцогт сонсгол дээр хэлсэн үгдээ “Онтрэгийн лицензит талбайн баялгийг хөдөлгөх хамгийн ашиггүй хувилбар нь одоогийнх” гэж илэн далангүй мэдэгдсэн.
“Шинэ талбайг шинэ зарчмаар” буюу Монголын талын ашиг сонирхол
“Онтрэ”, “Рио Тинто”-гийн 80/20 зарчмыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Онтрэ”-д ногдох хэсгийн 34 хувийг Монголын талд эзэмшүүлэх саналыг “Эрдэнэс Оюутолгой”-д хүргүүлээд жил хагас болж байгаа ч нэг ч хариу өгөөгүй талаар “Оюутолгой” ХХК-ийн захирал С.Мөнхсүх сонсголын үеэр мэдэгдсэн.
Манай тал хариу өгөөгүйн гол шалтгаан нь, нэгд, “Рио Тинто”, “Онтрэ”-гийн хооронд байгуулсан 80/20 зарчимыг хүлээн зөвшөөрөөгүй, хоёрт, хүлээн зөвшөөрлөө гэхэд өөрт ногдох 34 хувиа 2009 оны ХОГ-нд хамааруулахгүй, харин “Орано”-той ХОГ байгуулахын өмнө бий болгосон хууль эрхзүйн орчны давуу талаа шингээж, тусгай АМНАТ юм уу бүтээгдэхүүн хуваах зарчмаар эзэмшихийг хүсэж буй.
“Рио Тинто” бол уурхайн гэхээсээ илүү банк бус санхүүгийн байгууллага, төслүүдээ өөрсдийн хуримтлалаасаа өндөр хүүтэй санхүүжүүлж гол орлогоо олдог гэдгийг бид өнгөрсөн хугацаанд ойлгож авсан. Тиймээс төслөө ашигтай болгоё гэвэл “Рио Тинто”-гийн гол ашиг руу буюу зээлийн хүүг бууруулж байж л өгөөжөө нэмэгдүүлнэ. Тиймээс “Онтрэ”-г барьж авсан явдал бол нэг талаараа зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт нөлөөлөх оролдлого байж болно. Нөгөө талаар хүү бууруулаагүй тохиолдолд өөрт үлдэх өгөөжөө бага ч гэсэн өсгөх гэсэн арга болж хувирах юм.
“Онтрэ”-гийн талыг баригчид буюу Монголын сул тал
Одоо хамгийн сонирхолтой хэсэг. “Онтрэ” ХХК гэж ер нь ямар учиртай компани вэ гэдгийг сонирхож судалсан хүн төдий олон биш болов уу. Тэгвэл тус компанийг “Монгол газар”-ын хэмээх Ц.Мянганбаяр үүсгэн байгуулж байснаа Сонсголын үеэр олон нийтэд дэлгэлээ. Энэ нь тус компанийг монголчуудтай холбоотой гэсэн сэжгийг улам лавшруулсан явдал боллоо.
Энэхүү “Онтрэ” гэгч компанийн хайгуулын /!/ лицензийг Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа /!/ тухайн үеийн Эрчим хүч, уул уурхайн сайд Д.Зоригт ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож байсан. Ингэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг /Жишээ нь 25.1/ зөрчсөн гэж хэвлэлээр мэдээлэгдэж байсан.
25.1 нь “Лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, 2-т заасан мэдэгдлийг авснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлнө” гэсэн заалт бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болдог. Түүнчлэн аливаа орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцээд, АМГ-ын дарга нөөцийг бүртгэдэг байтал “Айвенхоу майнз” компанийн нөөцийг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтээр АМГ-ын дарга биш, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өөрөө нөөцийг бүртгэсэн гэдэг мэдээлэл бий.
Эндээс болон өөр бусад үйл явдлуудаас “Онтрэ”-гийн ард Оюутолгойг хөдөлгөсөн эрх мэдэлтнүүд байж магадгүй гэж хардах хангалттай үндэслэл бий. Сонсголд тэдний төлөөлөл суусан нь магадтай.
Харин Сонсголыг зохион байгуулагчид буюу УИХ-аас байгуулсан түр хороо, шинжээчид “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа /гэрээг 2009.X.06-нд байгуулсан/ маргааш /2009.X.07/ Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч талууд үргэлжлүүлэн хуралдсан” гэдэг ноцтой баримтыг олж чадсан хэрнээ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа Ажлын хэсэг, Хөрөнгө оруулагчид үргэлжлүүлэн хуралдсан, түүний ар дээр Д.Зоригт “Онтрэ”-гийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгосон гэдэг фактыг хэлсэнгүй.
Хэлэхэд муухай л юм, гэхдээ энэ байдал нь манай дотоодод “Онтрэ”-гийн лицензтэй холбоотой өөр эрх ашгууд байгаа гэсэн дүгнэлтийг хүргэж байна. Түр хорооны гишүүд “Онтрэ”-г Монголын төр хачирхалтай байдлаар “бөөцийлдөг”, татварыг нь өөр хуулийн этгээд өмнөөс нь төлдөг гэдгийг мэдэж, асууж байгаа хэр нь өөр зүйл ил гаргахыг хүсэхгүй байгаа байдал, өмчийнх нь хувь заяаг шийдэж байхад “Онтрэ” ХХК-ийн захирал Стефен Скоттын үзүүлж буй идэвхгүй хариу үйлдэл, гол дүрүүд хаалттай хуралдсан тохиолдолд мэдээлэл өгнө гэсэн зэрэг нь хардлагыг улам лавшруулна уу гэхээс багасгахгүй.
Ямартай ч “Онтрэ”-гийн лиценцит талбай, түүнд хадгалагдаж буй баялгийг ашиглах зарчмын зөрүү нь Оюутолгойн ордоос Монголд үлдэх өгөөжийг нэмэгдүүлэх, зээлийн хэлэлцээрт нөлөөлөх зорилгоос гадна бас нэгэн ийм онцгүй "өнцөг" байгааг дурдах ёстой. Учир нь, үнэхээр дотоодод “Онтрэ”-гийн төлөө тэмцэл байгаад, нууцаар тохиролцоонд хүрч гэмээ нь “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээр, “Онтрэ”-гээс Монголын хүртэх ашиг зэрэгт муугаар нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.
"Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Мөнхсүх Жавхлант, Шивээ толгойн лицензийг "Онтрэ"-гийнх гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас нөхөн төлбөр өгнө, хувь тохирно гэж мэдэгдэхдээ "Одоогоор" гэдэг үг ашигласныг бас анхаарахгүй орхиж боломгүй.
16 жилийн өмнөх ба одоо цагийн ижил тал буюу дундын хувилбар дээр санаа нийлэх шаардлага
Сонсголын эхнээс шууд ажиглагдсан зүйл бол гэрчүүд ч, УИХ-ыг төлөөлж байгаа гишүүд ч одоо болтол “Санаа нийлээгүй байна”. 2009 оны гэрээг байгуулсан нэг хэсгээ буруутгах, нөгөөдүүл нь өөрсдийнхөө зөв байсан гэж зүтгэж байгаа нь ажиглагдана. Тухайлбал, гэрээг гардаж байгуулсан хүмүүсийн нэг С.Баярцогт “Оюутолгойн өр өр биш” гэж ярилаа. Оюутолгойн хөрөнгө оруулалт нь хуулиараа өр гэж бичигддэг, түүнээс биш өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөх төсөл учир өр биш гэдэг нь үнэн. Гэхдээ, хүртэх өгөөж боломжит хэмжээнээс бага байгааг хүлээн зөвшөөрөх л ёстой.
Манай улстөрчид “Алдаа байсан” гэж биш, “Ашигтай болгох боломжтой” гэдэгт ядаж бүгд санал нэгдвэл Оюутолгойн борлуулалтын орлогыг Монголын банкаар авах, эрдэс шинжилгээний лаборатори байгуулах зэрэг гэрээгээр хүлээсэн үүргүүдийг нь биелүүлэх тал дээр шахалт үзүүлж чадна.
2009 оны гэрээ, Монголын тал 34 хувийг эзэмших шийдвэр бүгд Оюутолгой төсөл “Эрдэнэт”-ийн жишгээр буюу тодорхой хугацааны дараа хувь эзэмшил нэмэгдэх, ХОГ-гээр тогтворжуулсан татвар, хөрөнгөлөлтүүд дууссаны дараа өгөөж нэмэгдэх, зээлийн нөхцлийг төслийн эрсдэлтэй уялдуулан тухайн үед нь хэлэлцэж сайжруулах бүх боломжууд нээлттэй гэдэг ойлголт дээр үндэслэн гарсан. Энэ боломжууд нээлттэй байгаа. Одоо явагдаж байгаа хэлэлцээрийн үр дүнд байдал сайжрах нь ч тодорхой.
Уужуу хандсаны гол шалтгаан төслийн хэрэгжих хугацаа буюу 100 орчим жил ажиллана гэдэгт итгэснийх байсан. Тиймээс одоо бидний анхаарах бас нэг асуудал бол төслийн зээлийн хүүг бууруулахаас гална, нөөцийн ашиглалтыг тодорхой болгох явдал юм.
2028 он гэхэд зөвхөн Оюутолгойгоос 500,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх гэж буй “Рио Тинто” уул уурхайн бас нэгэн аварга “Гленкор”-той нэгдэж, зэсийн үйлдвэрлэлээ үлэмж нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
Нийлүүлэлтийн аль болох их хэсгийг хянах боломжийг одооноос бүрдүүлж байна гэдэг цаашид зэсийн үнэ маш өндөр байхын дохио. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтээс хэт давах тул зэсийн компаниудын олох ашиг зах зээлийн хэчнээн хувийг хянаж байгаагаар хэмжигдэнэ гэсэн үг. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих 2039 оноос өмнө олборлолтыг огцом нэмэгдүүлэхгүй байх нь Монголын бас нэг эрх ашиг болж хувирч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна