Өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргана

Х.Есү
1 цаг 8 минутын өмнө

Монгол улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуяг ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, зудын өндөр эрсдэлтэй нөхцөлд 1 дүгээр сараас шаардлагатай хангалтыг хүргэхээр бэлтгэж буйгаа мэдээлэв. 

Мөн өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болсон бөгөөд бусад аймагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болголоо.


УОК-ын нарийн бичгийн дарга Л.Баярхүү мэдээлэхдээ улсын хэмжээнд шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжийн түгээлт, зохион байгуулалтаас болж хүндрэл үүсэж байгааг онцлон Улсын онцгой комисс болон Шадар сайдын түвшинд анхаарал хандуулан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Улсын нөөцийн газартай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэхдээ, ирэх өвөл–хаврын бэлчээрийн даац улсын нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрсэн байгааг онцлов. Урьдчилсан тооцооноос үзэхэд малын өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 21%-д хүндрэлгүй байх төлөвтэй байна. Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим цаг агаар ажиглагдах төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэв.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик, нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан аймаг, сумдын түвшинд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд нийт 16.37 тэрбум төгрөг зарцуулж, улсын хэмжээнд 1.4 сая тонн хадлан, 6.8 мянган тонн сүрэл, 72.5 мянган тонн ногоон тэжээл болон бусад шаардлагатай тэжээл, давс, хужрыг бэлтгэн нөөцөлснийг мэдээлэв. 

2025–2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхийн 60.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар бөгөөд үүнээс 16.6 мянган өрхийн 5.7 сая толгой мал отроор өвөлжих төлөвтэй байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд хонин толгойд шилжүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 4.2 сая мал эдийн засгийн эргэлтэд орсон гэж мэдээллээ. 

Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын зэрэгцээ малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, сурагчдын аюулгүй байдлыг хангаж хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цас, шуурга, хүйтрэлтэй үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг ханган, отор, өвөлжилт хүндрэх айл өрхийн судалгааг гарган үйлчилгээ шуурхай үзүүлэх, төв суурин газрын иргэдийг дулаан, эрчим хүч, түлшээр тасралтгүй хангах, зам даваа хаагдсан тохиолдолд нээх бэлэн байдлыг бүрдүүлэх, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, мөн мал өвөлжилтийн эрсдэл өндөр бүс нутагт онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд авто зам хаах зохицуулалтыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна