ПСЖ Бразилийн “Фламенго”-г хожиж “Тив хоорондын цом”-д түрүүллээ

Х.Батсайхан
2025/12/18

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Тив хоорондын цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн аварга, Францын ПСЖ, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны “Либертадоресын цом” тэмцээний аварга, Бразилийн “Фламенго” багийн хооронд болж, Европын төлөөлөл илүүрхлээ.

Тоглолт үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад ПСЖ багийн хаалгач Матвей Сафонов эсрэг багийн сүүлийн дөрвөн цохилтыг хааж, багаа хожилд хүргэжээ. Тэрбээр эхний цохилтыг алдсан ч Сауль Ньигес, Педро Абреу, Лео Перейра, Луис Араужо нарын цохилтыг дараалан хаажээ.

ОХУ-ын “Краснодар”-аас ПСЖ-д очсон тэрбээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны түүхэнд торгуулийн дөрвөн цохилт дараалж хаасан анхны хөлбөмбөгч болсон байна. Матвей ПСЖ-ийн бүрэлдэхүүнд дөрөв дэхээ тоглож байгаа нь энэ бөгөөд баг нь гурав хожиж, нэг тэнцээд байна. 

ПСЖ энэ улиралд зургаа дахь цомоо ийнхүү өргөж, “Барселона”, “Байерн” багуудын дээд амжилтыг давтлаа. Тэд энэ улиралд улсынхаа АШТ, Цомын тэмцээн, Супер цомын тэмцээн, "Аваргуудын лиг", Европын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тэмцээнд түрүүлээд байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна