“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооноос 2025 оны 10 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотноо зохион байгуулсан “Монгол–Хятадын холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-д амжилттай оролцлоо.
Хуралд Монгол Улсаас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Ерөнхий менежер П.Ганболд, БНХАУ-ын талаас Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны дэд дарга Ван Бин тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хурлын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Үүнд:
“Улаанбаатар” нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон Бээжин, Ланжоу, Өрөмч, Харбин, Хөх хотын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв хоорондын гэрээг хэлэлцэн шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж шинэчлэн баталгаажуулав.
Хятадын тал нөөц төлөвлөгөөг (Contingency Plan) тухайн улсын иргэний нисэхийн байгууллагууд хамтран боловсруулж баталдаг бөгөөд хэрэгжилтийг дотоод зохицуулалтаар хангадаг талаар мэдээлэл өгч, шаардлагатай бол уг төлөвлөгөөтэй холбоотой заалтыг нислэгийн удирдлагын төвүүд хоорондын гэрээнд тусгах боломжтойг онцлов.
Хятадын тал ATFM-ийн мэргэжлийн сургалт, дадлага, ажлын байрны туршлага солилцоонд Монголын мэргэжилтнүүдийг хамруулах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг албан ёсоор өргөжүүлэх санал гаргав. Мөн 2021 оноос ашиглаж буй NTFM системийг Монгол Улсад туршилтаар нэвтрүүлэх талаар цаашид ярилцахаар тохиролцов.
Хятадын тал одоогоор FRA хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаагүй ч хамтын ажиллагаанд нээлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд төслийн харилцах албан тушаалтан (POC)-уудыг сонгон, албан ёсоор баталгаажуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна