Нийслэлийн 10 байршлын агаарын чанарыг дэлхийн стандартын дагуу бодитой, хараат бусаар хэмжих боломжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрдүүллээ.
Тодруулбал АНУ-ын Ногоон барилгын LEED сертификаттай Неосити төслийн баг өөрийн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэгч Швейцарын IQAir компанийн Outdoor Monitor агаарын чанарын төхөөрөмжийг Улаанбаатар хотын Нисэх, Яармаг орчмын 10 байршилд суурилуулахаар болсон байна.
Дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах санамж бичигт хоёр тал өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Тус төхөөрөмжийн давуу талуудаас дурдвал:
Энэ нь Монгол Улсын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх агаарын чанарын ил тод, нээлттэй дата экосистем бүрдүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд цаашид www.agaar.mn болон Agaar.mn аппликэйшнаар дамжуулан мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна.
Төхөөрөмжүүдийн хэмжилтийн өгөгдөл нь зөвхөн судалгааны зориулалттай тоо баримт биш. Хотын иргэд өдөр тутмын амьдралдаа агаарын чанарын мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, харин бодлого боловсруулагчид урт хугацааны шийдэл боловсруулахад ашиглах нийтийн зориулалттай дэд бүтэц болж буй. Энэ санаачилга зөвхөн нэг хотхон, нэг төсөлд хамаарахгүй, харин өгөгдөлд суурилсан, эрүүл хотын хөгжлийн жишиг болгох зорилготой аж.
Неосити төслийн санаачлагч Б.Наранбат: Хувийн хэвшил нь хөрөнгө оруулалт, технологийг хариуцаж, төрийн байгууллага нь баталгаажсан өгөгдлийг бодлого, судалгаа, олон нийтэд мэдээлэхэд ашиглах замаар үүргээ хуваарилж буй нь агаарын чанарын мониторингийн цар хүрээг тэлэх боломжийг бүрдүүлж байна хэмээн ярилаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга: Дэлхийн олон оронд төр–хувийн хэвшил–иргэний оролцоонд суурилсан байгаль орчны хяналт, мониторингийн загварыг амжилттай хэрэгжүүлж байна. Өргөн уудам газар нутагтай монгол орны байгаль орчны хэмжил зүйг 24 цагаар 365 хоног тасралтгүй гүйцэтгэх чиг үүрэг нь манай байгууллагад бий.

Мэдээж энэ салбарын технологийн шинэчлэлийг зөвхөн төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх боломжийг бид хамтын ажиллагаагаараа нээж байна. Цаашид энэ жишгийн дагуу үүрэн телефоны операторууд болон арилжааны банкнуудыг одоо байгаа өөрсдийн бэлэн дэд бүтцэд суурилан агаарын чанарын хэмжилтэд хамтран ажиллахыг уриалж байна. Агаарын чанарын өгөгдлийн баазыг нэмэгдүүлэх нь цаашид байгаль орчны болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх суурь судалгааны чухал дата мэдээллийг давхар бүрдүүлэхэд ач холбогдолтой юм гэлээ.

Неосити төслийг хэрэгжүүлэгч “Монголын финтек групп” хувьцаат компани нь агаарын чанарын мэдээлэлд 2022 оноос анхаарч ажиллаж эхэлжээ. Тодруулбал 4 жилийн өмнө нийслэл болон орон нутгийн 50 байршилд Польш улсын Airly төхөөрөмжийг суурилуулж, хэмжилтийн мэдээллийг олон нийтэд Hipay аппликейшнаар дамжуулан нээлттэй хүргэж ирсэн байна.
Архив: https://ikon.mn/n/2pqu /Airly төхөөрөмж суурилуулж буй тухай мэдээ /
2022 оны 11 дүгээр сарын 7
Харин энэ удаа агаарын чанарын мэдээллийн өгөгдлийг илүү өргөжүүлж, өмнө нь зөвхөн Hipay аппликэйшнаар мэдээлэл харуулдаг байсан бол төрийн байгууллагын Agaar.mn системд дата дамжуулахаас гадна, олон улсын AirVisual платформ дээр бодит цагийн горимоор харагдах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна