Б.Энхбаярыг яаралтай огцруулж, А.Амундраг гэрчийн хамгаалалтад аваад "Бодь"-иос гарсан 110 сая ам.долларын учрыг олъё

Х.Батсайхан
1 цаг 33 минутын өмнө

-МАН-ын томчууд эвлэрсэн ч авлигын хэргүүд дарагдаад өнгөрч болохгүй-

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан нар өчигдөр их үдээс шөнө дүл болтол уулзав. Уулзалтаар мэдээж, эвлэрлийн асуудал яригдсан нь тодорхой бөгөөд ингэснээр сөргөлдөгч талуудын эрх ашиг хангагдана. Харин олон нийтийн эрх ашиг буюу улстөрчдийн зодооны үеэр орой нь цухуйсан авлига асар өндөр дүнтэй хээл хахуулийн хэрэг дарагдаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна.

 Т.Аюурсайхан, Б.Энхбаяр бол “мөсөн уулын орой”

  МАН доторх тэмцлээс бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсээр бартердаж бариулахдаа эрх баригчид өртөг өсгөх замаар багадаа 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг “Бодь интернэйшнл”-ээр ам.доллар болгон угааж хувьдаа завшицгаасан гэдгийг мэдэж авсан. Энэ 110 сая ам.доллараас одоогоор 2.3 сая ам.доллар л Т.Аюурсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын гараар орсон юм байна гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэхдээ мэдээж, хуулийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Харин үлдсэн 107.7 сая ам.доллар хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй, ямартай ч илүү том эрх мэдэлтэй хүмүүс рүү гарсан юм байна гэсэн ойлголттой болцгоосон. Л.Оюун-Эрдэнэ хөндөж гаргаж ирсэн учир энэ мөнгө түүний эсрэг тал буюу МАСЗХ угшилтай, одоо эрх мэдлийг атгаж байгаа улстөрчдөд очсон юм байна гэдгийг ч таамаглахад нэг их ухаантай байх шаардлагагүй. Тиймээс улстөрчид эвлэлдээд ард түмний эрх ашиг хангагдахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байна.

Улстөрчид рүү гадагшилсан гэх 110 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээр төлж байгаа. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийг 1072 хувьцаагаар дамжуулж эзэмшдэг, газрын хэвлийн баялаг Үндсэн хуульд зааснаар төрийн нийтийн өмч гэдэг утгаараа энэ мөнгө бол ард иргэдийн мөнгө. Тиймээс энэ мөнгөний учрыг олж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь нийтийн ашиг сонирхол мөн.

Б.Энхбаярыг огцруулж, А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч, мэдүүлэг өгүүлъе

“Бодь интернэйшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 792 сая + 213 сая ам.доллараар барьсан бөгөөд үүний 792 сая ам.доллар нь 2013 оны ТЭЗҮ-д тусгагдсан дүн гэдгийг “Бодь” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдэгдсэн байдаг. Тэрбээр энэ мөнгөө нүүрсээр авч, БНХАУ-ын хэрэглэгчдэд худалдах замаар эргүүлж авах зорилготой байсан бөгөөд ажил явуулах арга, схемийн тухайд ямар нэг шүүмжлэл байхгүй. Харин, энэ мөнгөн дүн дотор, эс бөгөөс бартердаж аван гадагш гаргасан нүүрсний үнийн дүн дотор авлига байжээ гэдэг нь гол асуудал юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар чухамдаа авлига байсан бөгөөд улстөрчид энэ авлигаа гар дээрээ авах гэж хэт яарснаас “Бодь”-ийн нүүрсийг оочерын урдуур дайруулж байгаад мэдэгдсэнээр асуудал үүссэн. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд 440 дүгээр тогтоол гаргаж, “Бодь”-ийн бүх оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргасан байдаг. Сүүлд Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа нэг хэсэг “Ил болголоо” гэж хэвлэлээр мэдээлж байсан гэрээнүүд нь чухамдаа энэ гэрээ байсан юм.  


"Бодь"-ийн оффтэйк гэрээнүүдийг ил болгосон Засгийн газрын 2022 оны 44 дүгээр тогтоол 

Улмаар 2023 оны арванхоёрдугаар сард “Нүүрсний сонсгол” хийсэн. Б.Энхбаяр сайд үндсэн асуудлаа орхигдуулж, “Бодь”-ийн асуудлыг “Админерал”-ын болгож өөрчилсөн гэдэг сонсгол нь энэ.

Б.Энхбаяр сайд сонсголын үеэр “Бодь”-ийн Д.Баясгаланг загнаж, өндөр дуугаар ярьж байсан ч дараа нь “Бодь”-иос мөнгө авсан гэж Л.Оюун-Эрдэнэ ярьсныг бид бүгд сонссон.

“Гэрчлээд өгье” гэсэн хүн ч бий. Тэр хүн бол “Бодь” группын гүйцэтгэх захирал байсан А.Амундра. Тэрбээр гэрчийн хамгаалалтад авчихвал "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гээд мэдэгдчихэн. Ард түмэн энэ амлалтыг нь мартаагүй байгаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига хээл хахууль, бүлэглэлийн тэмцлийн талаар НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа “Миний ярьсан зүйлс “Цаг хугацаа, үйлдэл /эс үйлдэл ч орно/, томилгоогоор нотлогдоно” гэх утгатай үг олон хэлсэн. “Бодь”, Б.Энхбаяртай холбоотой хэрэг дээр ч энэ байдал тод харагддаг.   

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-нд нүүрсний хулгайтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар томилж буйгаа зарласан.

2025 оны аравдугаар сарын 9-нд “Бодь” группын гүйцэтгэх захирал асан А.Амундра “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж мэдэгдсэн. Ам алдвал барьж болдоггүй.

Гэрчийн хамгаалалт авч чадаагүй А.Амундра өдгөө хилийн чинадад бий. Түүний хүсэлтийг ХЗДХ-ийн сайд олж харсан нь лавтай ч одоо хүртэл оффтэйк гэрээний талаар дуугараагүй, эс үйлдлээрээ “Бодь”-ийг цээжээрээ хамгаалсаар буй. “Бодь”-ийг ч биш, хар толгойгоо л хаацайлсандаа дуугарахгүй яваад байсан, үүнийг нь А.Амундраа мэдэж байсан ч байж магадгүй дүр зурагтай болчихлоо. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр Хууль зүйн сайд байсан үед А.Амундраг  гэрчийн хамгаалалтад авахгүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой болж байна.

Тиймээс Б.Энхбаярыг огцруулж, дараагийн Хууль зүйн сайд нь А.Амундраг гэрчийн хамгаалалтад авснаар 110 сая ам.доллараас хувь хүртэгчид ил болж, ард түмний эрх ашиг хангагдах юм. Угаас энэ хэргийн учрыг заавал тайлах нь Хууль зүйн сайд, АТГ тэргүүтэй байгууллагуудын зайлшгүй хүлээх үүрэг юм.   

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна