МАН-ын дарга Н.Учрал спикерийн суудлаасаа буухаас өөр аргагүй шахалтад орсныг ойрын үеийн улстөрийн өрнөл харуулж байна. Сөрөг хүчний акц дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүдийн “ажил хаялт” хүч хавсраад түүнийг УИХ-ын даргын албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгочихлоо.
Товчхондоо, эрх баригч МАН-ын дарга сул гишүүн болох уу, Засгийн газраа авах уу гэсэн сонголттой тулчихсан гэсэн үг.
Гэтэл нөгөө талд бодит хөрсөндөө бууж, боломжийн ажиллаад байгаа Ерөнхий сайд Г.Занданшатар зогсож байна. Элдэв хийрхэлгүйгээр чухал асуудлуудтайгаа нүүр тулж буй түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл МАН-ынханд байгаа ч улам бүр буланд шахах улс төрийн нөхцлөө яах вэ гэдэг сорилттой нүүр тулаад байна.
“Ширэн нүүртэй” шийдсэн Б.Энхбаяр
“Амар байна уу гэсэн биш гай болов” гэх үг бий. Биелэл нь Б.Энхбаяр болоод байна.
Урдаг нохой шиг юм бүхэн рүү үсчиж явсан түүнийг “Бодь групп"-ын захирал Д.Баясгалангаас 1.3 сая ам.доллар авлигад авсан гэх хэрэг АТГ-т очсон нь улс төр, нийгмийн хүрээнд хамгийн том дуулиан дэгдээв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг “Авлигачидтай тэмцээрэй” гээд Хууль зүйн сайдаар томилж, итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь мань хүн өөрөө өнөөдөр авлигын хэргээр шалгагдах нь тодорхой болчихлоо.
Өмнөх Засгийн газарт “Шударга ёсны илд бамбай” болох хүслээ илэрхийлээд орсон Б.Энхбаяр эс үйлдэхүйгээрээ хулгайг нуун дарагдуулж байсан нь ч өнөөдөр ил болж байна.
Улмаар сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд, АН, Үндэсний эвслийн дарга нар Б.Энхбаярыг “Ажлаа өгөөд шалгуул” хэмээн шаардаж байгаа ч ширэн нүүрт сайд маань таг чиг суусаар байна.
Засагтаа нэмэр бус хамгийн их гай дагуулсан түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар одоо хэрхэн харж суугаа нь хамгийн их сонирхол татаж байна.
Хотын даргын суудлыг мөрөөдөхдөө Засгаа "чирсэн" Э.Бат-Амгалан
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг "Зэс эрдэнийн хувь" ХХК санхүүгийн алдагдалд орж, олон мянган хүн хохирсон асуудлын гол буруутныг сайд Э.Бат-Амгалан түүний дүү Э.Батбаяр нар болохыг хувьцаа эзэмшигчид нь баримт гарган мэдээлээд сар орчим болж байна.
Хохирсон 25.000 хувьцаа эзэмшигчийн төлөөллүүд Э.Бат-Амгаланг мөнгөө эргүүлэн төлж, ажлаа өгөөд шалгуулахыг шаардаж, төрийн ордны гадаа 20 орчим хоног жагсав.
Гэвч иргэдийг үл тоосон Э.Бат-Амгалан Засгийн газартаа хамгийн их гай болж орхилоо.
Тодруулбал, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын хамаарал бүхий "Би Эй Ти Девелопмент Партнерс" компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж тэд үзэж байна.
Үүнээс зөвхөн НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм.
Улмаар хувьцаа эзэмшигчид Э.Бат-Амгалан сайд болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-т шалгуулахаар хандсан байдаг.
Өдгөө Э.Бат-Амгаланд үл тоогдсон хувьцаа эзэмшигчид дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, жагсаалаа үргэлжлүүлж байгаа юм. Энэ мэтээр Засгийн газартаа асар их сөрөг нөлөөлөл бий болгосон Э.Бат-Амгалан сайд Хотын даргын суудлыг мөрөөдөж яваа гэлцэнэ.
Угтаа мань хүн эхлээд Ерөнхийлөгч хүртлээ өндөр аваад байгаа хохирогчдийнхоо асуудлыг шийдэх, ёсзүйн хариуцлага хүлээх учиртай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.212
Үнээн
Хариулах