Шинэ оны эхэнд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан аймшигт аллагаас амьд үлдсэн гурван настай охины биеийн байдал сайнгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байна. Хэргийг үйлдсэн сэтгэцийн эмгэгтэй этгээд охиныг олон удаа хутгалсан ч охин азаар амьд үлдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Гурван настай охин цээжин тус газраа гурван удаа хутгалуулсан бөгөөд зүрх, уушгиндаа шархаджээ. Мөн гарын бугуй хэсэг нь гэмтсэн аж. Охины хагалгаа амжилттай болсон ч цус их алдсан, амин чухал эрхтэнүүд гэмтсэн учраас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байгаа юм.
Охин ухаан орсон хэдий ч биеийн байдал сайнгүй. Эмч нарын зүгээс "Ойрын хугацаанд бүрэн эдгэрэх хэцүү, 2-3 жилдээ эмчийн хяналтад байх ёстой" гэж анхааруулжээ. Аав П.Сувданхуяг нь гурван настай охиноо эмнэлэг дээр дүүтэйгээ ээлжлэн сахиж байгаа ба эм тариа, түрхэх тосноос эхлэн хэрэгтэй зүйл олон байгаа талаараа хэллээ.
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, бага Дарь эхэд нэг гэр бүлийн гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 04-ны өдөр гарсан. Тус хэрэгт холбогдуулан 48 настай М.Батчулууныг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад буй.
Гэмт этгээд хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн юм. Өнгөрсөн баасан гараг буюу нэгдүгээр сарын 09-ны өдөр талийгаачдыг сүүлчийн замд нь үдсэн.
Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх сэжигтэн М.Батчулуун өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ба тухайн үед хэрэг хүлээх чадваргүй хэмээн албадан эмчилгээнд хамрагдаж байжээ. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ эл хэргийн талаар мэдээлэл хийхдээ "Хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур сул чөлөөтэй зорчиж байсныг шалгана" хэмээн мэдэгдээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна