​ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ба “Эрхэст баян говь” ХХК-ийн хамаарал

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, түүний багын найз гэх, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, түүний дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Засаг дарга, Худалдан авах ажиллагааны дарга, тэдний хамаатан буюу шийдвэр гаргагч, гүйцэтгэгч гэсэн бүтэцтэй сүлжээ гэж харж болохоор эдгээр хүмүүсийг нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 80 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ хэрэгт гүйцэтгэгч байдлаар оролцсон буюу хууль бусаар олгосон гэх сэжигт өртсөн тендерүүдийн заримтай нь холбоотой байж болзошгүй “Эрхэст баян говь” ХХК-ийн талаар мэдээлэл цуглууллаа.

“Эрхэст баян говь” ХХК нь 2015 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Эцсийн өмчлөгч нь Мятавын Мөнх-Оргил гэж бүртгэгджээ. М.Мөнх-Оргил нь АТГ-аас шалгаж байгаа хүмүүсийн тоонд багтсан М.Мөнхмагийн төрсөн ах юм.

Анх барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол яваандаа барилга барих болжээ. Тухайлбал, "Нанзад" орон сууцны хотхоныг барьж, ашиглалтад оруулсан байна. 

Тендер.мн цахим хуудаст байгаа мэдээллээр, төрийн 37 тендерт оролцсоноос 12-т нь шалгарчээ.

Тэдгээрээс сүүлийн үеийнхийг дурвдвал, 2024 оны тавдугаар сард 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх багц тэндерийн нэг хэсэг болох 1 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй төсөл, 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялсан байна.

Сүүлийн тендер нь тухайн жилдээ 1,0 тэрбум төгрөгөөр санхүүжих буюу он дамжиж баригдахаар төлөвлөгджээ.

Нгн компани Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай хэрхэн холбогддогийг судалж үзэхэд, Компанийг эзэмшигч М.Мөнх-Оргил нь Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Мөнхмаагийн хамаарал бүхий этгээд байна. Харин М.Мөнхмааг Н.Энхбат дарга Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн байхад нь Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэсэн мэдээлэл байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна