Шинэхэн уран бүтээл "Гэгээн" дуугаа олон нийтэд толилуулж, урлаг, түүх соёлоо хослуулан залууст шинэ нөлөөллийг бий болгож буй реппер Б.Өлзий-Учрал /ThunderZ/-тай ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Таны шинэ уран бүтээл олон нийтээс сайн үнэлгээ авч байна. Хэрхэн бүтсэн талаар яриагаа эхлэе?
-"Оройгүй сүм"-ийг уншиж дуусаад өөрт төрсөн мэдрэмжээсээ клипнийхээ санааг олсон. Тэгээд багийнхантайгаа ярилцаж байгаад хийхээр болсон. Бидэнд хөндөж болох, болохгүй юм гэж байгаа. Зөвшилцөж байгаад засварлаад бэлэн болгосон. Хуурч Монжиго ахынхаа хуурын аялгуунаас дууныхаа санааг олсон.
-Сүүлд гаргаж буй клипүүд дээр чинь Монгол орны байгалийн үзэсгэлэнг их харуулж байсан. Өөрчлөлтийн шалтгаан нь юу байсан бэ?
-Анх Тайгад очиж зураг авалтаа хийсэн. Тэр үед тайгын гайхалтай зураглалыг харуулмаар санагдаад байсан. Яагаад ч юм бэ, сүүлийн хоёр, гурван жил Монгол уур амьсгал, хөгжмүүдээ буцаж сонсоод тэр нь гоё санагддаг болчихсон байсан.
Би бас түүх их унших дуртай. Түүхийн хичээлдээ дуртай байсан. Тэр болгоныг бодож байгаад нийлүүлээд Жүрээм, Даяга гэдэг дуунуудаас л эхэлсэн. Хөдөө явж зураг авч байгаа нь таалагдаж байгаа. Гоё тайвшрал авч байгаа.
Хөдөөгүүр байнга аялаад байж чаддаггүй учраас зураг авалтаа хийнгээ Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, түүнийгээ хамгийн гоёор үзэгчдэд харуулахыг хичээж байна.
Байгалийн сайхан зураглал, түүхийн тодорхой хэсэг, дуу гурваа уялдуулж, уран бүтээлээ хийх гэж хичээж байгаа.
-Энэ удаад Өмнөговь аймгийг бүтэн тойров уу?
-Өмнөговь аймгийг бүтэн тойрсон. Манай багийнхан хоёр клипнийхээ зургийг авах гэж явсан. Нэг нь "Гэгээн" нөгөөх нь цацагдаагүй байгаа. Намар бараг хүйтэрч байхад явсан ч тэнд бараг зунаараа байсан. Сайхан нутаг байлаа.
-Клипэн дээр тайлагдаагүй үлдсэн үйл явц, түүхүүд их анхаарал татсан. Зохиол дээрээ илүү дэлгэрэнгүй байсан уу?
-Анхны бичсэн зохиол дээр үйл явдал илүү дэлгэрэнгүй байсан. Түүгээрээ хийвэл илүү урт болох гээд байв. Зарим хайран зургуудаа хүртэл танасан. Клип гэхэд хэтэрхий уртдаад байна гэсэн учраас танаад, зарим зүйлсийг нь хүмүүст бодлого чигээр нь үлдээх нь зөв юм байна гэж үзсэн.
-Ер нь та кино жүжигчин болох гээд байна уу?
-Үгүй ээ. Би кинонд тоглохгүй/ инээв/.
-Таны хувьд Монгол ахуй, соёлоо их судалдаг, өөрийн стильдээ ч шингээсэн харагддаг. Монгол гэхээр хамгийн түрүүнд юу мэдэрч, юуг нь илүү хайрладаг вэ?
-Ер нь бол түүх л санаанд ордог. Бас байгаль... Монгол хүмүүсийн сэтгэл... Одоо бол зарим хүмүүсийнх өөрчлөгдөж байж магадгүй ч ер нь бол Монгол хүмүүс чинь цайлган, уужим сэтгэлтэй хүмүүс шүү дээ.
Түүхэндээ маш их хорогддог. Яг уншаад ирэхээр ямар үнэ цэнээр, ямар их зүйл болж байж бид өнөөдөр ингэж амьдарч байна вэ. Байхгүй болж ч мэдэх байсан нөхцөлд Монгол Улс тусгаар улс хэвээр үлдсэн.
Бидэнд түүхийн маш их ээдрээтэй цаг үеийг даван туулсан он жилүүд байгаа. Өөрсдийн түүхээ Монголчууд, ялангуяа залуус мэддэг болоосой гэж хүсэж байгаа. Тэгэх юм бол бид илүү нандигнах юм шиг санагддаг.
Шинэ дуу маань хэлмэгдүүлэлтийн үеийн зохиол. Түүний өмнөх "Хээр морь" дуу Манжийн үеийн зохиол байгаа. Одоо бид он цагийн хувьд түүхэн цаг үеүдийг судлаад түүхчидтэй уулзаад, нарийн мэдэхгүй зүйлсээ асууж, өнгөц мэддэг зүйлсээ улам гүнзгийрүүлээд судлаад явж байна. Түүнийгээ уран бүтээлтэйгээ нэгтгэх гээд хичээж байна.
-Одоо залуус гадны соёлыг шүтэхээс илүүтэй өөрсдийн түүх, соёл, онцлогийг илүү анхаардаг, сонирхдог болж байх шиг байна. Танд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байгаа. Авахаа аваад, хаяхаа хаях байх. Ер нь гадны юмыг их дуурайдаг байж байгаад одоо гадаад л байвал гоё, гадаад дуу л гоё, гадаад хүмүүс л гоё гэдэг бодол байхгүй болж байх шиг байна. Нэг хэсэг тийм байсан ч одоо бол үндэсний соёл, өвөг дээдсийнхээ түүхийг илүү судалдаг болж байна.
Одоо хүмүүс байгальд их татагддаг болж байна. Жишээ нь, бид түрүү жил Жүрээм дууныхаа зураг авалтыг хийгээд Хөвсгөл рүү явж байхад хэдхэн хүн явж байсан бол энэ жил маш их хүн Жаргантын гол руу явсан байна.
Айлаас эрэхээр авдраа ух гэж Монголчууд маань гадаад явахаасаа илүү Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж үзмээр санагдаж байгаа юм байна. Дотооддоо өөрсдийн зүйлсийг үнэлж эхэлж байгаа нь гоё санагдаж байна.
-Чанартай уран бүтээл хийхэд санхүү их шаарддаг байх. Сүүлийн дуунууд дээр спонсор харагдаагүй...,?
-Монголын нөхцөлд спонсор олно гэдэг хэцүү. Дуугаа дуулаад, мөнгөө хураагаад уран бүтээлдээ зарцуулаад явж байна. Ер нь бол хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд л өөрсдөө мөнчгөрөөрөө гоё бүтээл хийчих гээд уран бүтээлээ л нэгт тавьчихсан явж байна.
-Хойд нас гэж байдаг уу?
-Яагаад байж болохгүй гэж. Хүмүүс хойд нас байгаа, байхгүй гээд л ярилцдаг. Би бол байгаа л гэж боддог. Дууг маань сонссон хүмүүс С.Эрдэнийн "Хойд насандаа учирна" гэдэг номын ишлэл үгнүүдийг их бичсэн байна лээ.
Нэгнийгээ гоё хайрлаарай. Хамгийн гоё сэтгэгдэл бол болсон үйл явдал бичээд, тэр дуугаар илүү гүн болсон, тэрэнд тайтгарсан гэсэн сэтгэгдлүүд хамгийн гоё байсан. Чи мундаг гэхээс илүү тийм үгс илүү ач холбогдолтой санагдсан.
Саяхан дотны хүнээ алдсан хүмүүс их сэтгэгдэл бичсэн байна лээ. Тэр хүмүүс хэлэхдээ "Хүмүүсийг байгаа дээр нь хайрлаарай, одоо цагтаа бүрэн сэтгэлээрээ байгаарай, нэгэндээ хайртайгаа хэлээрэй, дараа гэж байхгүй шүү" гэсэн байна лээ. Энэ үнэн. Дараа гэж байхгүй шүү.
-Ярилцлагын төгсгөлд нь сонсогчдодоо хандаж юу гэж хэлэх вэ?
-Бидний уран бүтээлийг шимтэж сонсдог, урам өгдөг хүмүүстээ баярлалаа. Олон зүйлсийг хийж байгаа. Өдөр шөнөгүй нухаж байгаа учраас хүлээж байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Зөв.мн сайтын үзэгч, уншигчдад бас мэнд хүргэе.
Видео ярилцлагыг доорх линкээр үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.223
гоё гоё
Хариулах