Италийн домогт загвар зохион бүтээгч, алтан үеийнхнээс үлдэж хоцрон өндөр насалснаараа хувцас загварын ертөнцөд “Сүүлчийн эзэн хаан” хэмээн цоллогдож асан Валентино Гаравани 93 насандаа тэнгэрийн оронд заларлаа.
Валентино Клементе Людовико Гаравани 1932 оны тавдугаар сарын 11-нд Италийн Вогера хотод мэндэлжээ. Багаасаа зураг зурах авьяастай байсан тэрээр жаахан том болсныхоо дараа загвар зохион бүтээгч болохоор шийдэж, Миланы Урлагийн академид элсэн суралцсан байна. 17 насандаа мөн чиглэлээрээ Парист суралцжээ. Хувцас загварын чиглэлээр шимтэн суралцахынхаа хажуугаар тэрбээр бүжгийн спортоор хичээллэж, муугүй эзэмшсэн аж.
Парист Жан Десс, Ги Ларошийн загварын ордонд ажиллаж байсан тэрбээр 1960 онд Италидаа эргэн ирж, Жанкарло Жаметтигийн хамт “Вадентино” фирмээ үүсгэн байгуулжээ. Элизабет Тейлор, Жаклин Кеннеди, гүнж Маргарет зэрэг алдартнуудыг үйлчлүүлэгчээ болгосон тэрбээр насан туршийн хамтрагч /мөн хайр сэтгэлийн холбоотой байсан/ Ж.Жаметтийн хамтаар загварын нэгэн шинэ эзэнт гүрний үндсийг тавьж, эхлээд Италидаа, төд удалгүй Европын улсууд, АНУ, Японд агентлаг, дэлгүүрүүдийг ар, араас нь байгуулсан юм.

Түүний 1967 онд гаргасан “V” буюу “Цагаан коллекц” хэмээх даашинзыг Жаклин Кеннеди 1968 онд Грекийн тэрбумтан Аристотель Онассистай гэрлэхдээ өмссөн бөгөөд энэ дүр зураг нь дэлхий даяар хэдэн тэрбум хүний хүртээл болсон гэдэг.
Түүнийг ийм маягаар алдаршуулсан өөр хувцаснууд ч бий. Тухайлбал, Ираны хааны хатан Фарах Диба нөхөр нь 1979 оны лалын хувьсгалаар түлхэгдэн унахад Иранаас зугтан гарахдаа өмсөж явсан булган захтай даашинз, Бернадетт Ширак нөхөр Жак Ширакаа 1995 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд нь өмссөн даашинз зэргийг Валентино урласан байна.
Тэр үеэс Валентино Гаравани олонд илүү алдаршиж, баячуудын дунд түгсэн олон заншил, хэрэглээг бүтээн, “Тансаг хэрэглээний стандартыг тогтоогч” гэгдэх хүртлээ алдаршжээ.

Ром хотын захирагч байсан Вальтер Вельтрони 2005 онд “The New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагдаа Италид Ромын пап, бас Валентино байдаг” гэж хэлж байв.
Тэрээр 2007 оны есдүгээр сарын 4-нд Парист загварын шоугаа толилуулаад загварын ертөнцөөс явж байгаагаа зарласан.
Хувийн амьдралын хувьд, тэрээр Жанкарло Жиаметтитай дотно холбоотой гэдгээ олон нийт байтугай ойр дотнынхноосоо ч 12 жилийн турш нууцалж чадсан байдаг. Нэг удаа ээжийгээ ажил дээр нь очиход жүжигчин Марилу Толотой холбоотой гэж ам алдсан нь түүний хувьд эмэгтэй хүнтэй дотносож, хүүхэдтэй болох талаар бодож үзсэн ганц тохиолдол нь гэдэг.
Валентино Гараванигийн амьдралын чухал үе, оноор
1960 — Жанкарло Жиамметтитэй хамтран ажиллаж эхэлсэн
1962 — “Gotha”-гийн анхны олон улсын цуглуулга гарсан
1965 — Италийн тэргүүлэгч загвар зохион бүтээгч боллоо
1967 — Нейман Маркусын шагнал хүртэв
1968 —Жаклин Кеннедигийн Аристотель Онассистай хуримлахдаа өмссөн хуримын даашинзыг багтаасан "Collezione Bianca" цуглуулгыг гаргаснаар Валентиногийн нэр хүнд өслөө.
1969 — “Valentino” бутик сүлжээг эхлүүлж, Миланд анхны дэлгүүрээ нээв
1971 — Ромд анхны эрэгтэй хувцасны дэлгүүр болох “Via Condotti” нээгдэв
1975 — Парист “Valentino Ready-to-Wear” цуглуулгын анхны загварын шоу болов
1976 — Японы Токио хотод бутик нээгдэв
1982 — Франко Риччигийн редакторласан "Валентино" ном хэвлэгдэж, Нью-Йоркийн Метрополитан урлагийн музейд намар/өвлийн цуглуулгын танилцуулга хийв
1983 — Валентино “Линкольн Континенталь”-ийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллав.
1989 — Парист анхны дээд зэрэглэлийн загварын шоугаа толилууллаа.
1990 — Валентино, Жанкарло Жиамметти нар ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой L.I.F.E. хэмээх санг байгуулав.
1991 — Загварын бизнест 30 жил болсонтой нь холбоотойгоор Ромын хотын дарга "Валентино: 30 жилийн ид шид" үзэсгэлэн зохион байгуулж өглөө
1995 — Нэгдүгээр сарын 14-нд “Stazione Leopolda” үзүүлбэр зохион байгуулан Италидаа буцаж ирэв
1996 — Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулав
1997 — ОХУ-ын Москва хотод дэлгүүрээ нээлээ
2004 — Эмэгтэйчүүдэд зориулсан “V” гоо сайхны бүтээгдэхүүний шугам, дараа нь эрэгтэйчүүдэд зориулсан үнэртэй усны шугам нээгдэв
2006 — АНУ-ын Бостон хотод дэлгүүр нээгдэв
2007 — Тайландын Бангкок хотод дэлгүүр нээгдэв
2007 — АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод дэлгүүр нээгдэв
2007 — Аргентины Буэнос Айрес хотод дэлгүүр нээгдэв
2007 — 9-р сарын 4, Тэтгэвэрт гарснаа зарлалаа
2007 — 10-р сарын 4, Валентино сүүлийн үзэсгэлэнгээ зохион байгуулав
2007 — Техас мужийн Даллас хотод НортПарк төвд дэлгүүр нээгдэв
2008 — Атланта хотод дэлгүүр нээгдэв Жоржиа
2012 — Mayhoola for Investments S.P.C. нь Лондонд төвтэй Permira хөрөнгө оруулалтын сангаас Valentino Fashion Group SpA-г худалдаж авсан. Энэхүү гэрээний мөнгөн дүн 850 сая доллар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна