Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна

С.Гандэлгэр
2025/09/10

Уул уурхайн бус экспортын нэмэгдүүлэх үүднээс Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны 14 шинжээч өнөөдөр /2025.09.10/ текстилийн салбарын баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн эрхийн үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа.

Мөн тус холбооны баталгаажуулалтын албаны 9 шинжээч 2025-2029 он хүртэл буюу дөрвөн жилийн баталгаажуулалтын шинжээчээр ажиллах эрхээ сунган баталгаажууллаа. Баталгаажуулалтын алба нь энэ оноос хүрээгээ тэлж шинээр экспорт, импортын оёмол, нэхмэл бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийх гэж байгаатай холбогдуулан ШУТИС-ын оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн 5 багш шинээр шинжээч ажиллахаар болжээ.

Ингэснээр Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын алба нь ШУТИС, Монгол Солонгосын Политехникийн коллеж, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн болон ноос ноолуурын салбарын шилдэг, зөвлөх инженерүүдээс бүрдсэн хөндлөнгийн хараат бус 34 шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн үнэмлэх, гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Ч.Содном, ахлах мэргэжилтэн Ч.Хатанбаатар, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар гардуулан өгч шударга, хараат бусаар мэргэжлийн ур чадвар гарган ажиллахыг хүслээ.

Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээч нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн шалгуур, шаардлага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу баталгаажуулалт хийх ил тод, нээлттэй зарчмыг баримтлан аудитын тайлан бичих, үл тохирол бүртгэх, залруулах, сайжруулах зэрэг шинжээчийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэгийг цогцоор нь эзэмшиж, текстилийн салбарын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг баталгаажуулан мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн баг ажиллах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна