Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан бид цагдаагийн байгууллагад 10 гаран жил ажилласан Хос мөрдөст цагдаагийн гэр бүлийг ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.
Тэд оюутан байхаасаа эхэлж үерхэн өнөөдөр гурван хүүхдийн аав ээж болжээ.
Тэднийг Б.Эрдэнэбаяр, Б.Тэлмэн гэдэг. Нөхөр Б.Эрдэнэбаяр нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгчээр ажилладаг. Цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Харин гэргий Б.Тэлмэн нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мэдээлэл судалгааны мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч.
Тэдний хувьд оюутан ахуй цагаасаа үерхэн өдгөө нэг албанд хос мөрдөстэйгээр хамтдаа зүтгэж байна. Б.Эрдэнэбаяр "Анхны хүү маань долоодугаар сарын 09-нд төрсөн. Би дөнгөж цагдаагийн албанд орж анхны наадмын хамгаалалтандаа тэр өдөр явж таарсан. Хүй долоон худаг дээрх гурван өдөр асар удаан санагдаж, хурдхан эхнэр, хүү хоёр дээрээ очихыг тэсэн ядан хүлээж байсан.
Үүнээс хойш бид хоёр хоёр охинтой болж, хос мөрдөстэй ч болсон. Хүүгээ төрснөөс хойш төрсөн өдрийг нь тэмдэглэж чадаагүй минь жоохон хэцүү санагддаг ч гурван хүүхэд минь цагдаагийн албыг ойлгодог учир гомдож байгаагүй.
Би эхнэрийнхээ адтай сэргэлэн, зохион байгуулалт сайтай, манлайлагч зан чанарт нь татагдаж байсан. Өнөөдөр ч тэр зан чанарыг харж, түүнд нь баярладаг. Ажил ажил гэсээр гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддагүйд минь уучлаарай. Хайртай шүү" хэмээн ярив.
Гэргий Б.Тэлмэн "Анх оюутан байхад манай нөхөр байнга хажууд дагаад байдаг байсан. Ангийнхан ч холбож, тоглоод л явсаар бие биедээ дасаж хайрласан. Би нөхрийнхөө уужуу ухаан, даруухан занд нь дурласан.
Хоёулаа цаг наргүй ажилтай ч хамтдаа амьдралаа бүтээж, нэгэн зэрэг төрдөө зүтгэж байгаагаараа бахархдаг. Бие биедээ итгэж, ойлгож чаддаг учраас бид хоёр нэг ч удаа муудалцаж үзээгүй. Хайрдаа өдөр болгон халуун хоол, цай бэлдэж өгч амждаггүйд уучлаарай" хэмээн сэтгэлийн үгээ ярив.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна