Филиппинд тагнуулын хэргээр баригдсан монгол залуутай холбоотой гэдэг мэдээллийг БНХАУ үгүйсгэлээ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

Филиппиний Цагаачлалын алба тус улсад суралцаж байсан монгол залууг Замбалес хотод тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн энэ сарын 12-нд баривчилсан талаар бид тухайн үед нь мэдээлсэн билээ. 

Баригдсан хүн нь энэ жил 30 настай, эрэгтэй. Филиппинд нисэхийн чиглэлээр сурч байсан нэгэн бөгөөд түүнийг “Иба нисэх онгоцны буудал болон ойролцоох Палауиг голын бүсийн агаарын зургийг авсан" гэж үзсэн, мөн энэхүү тагнуулын шинжтэй, нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болохуйц үйл ажиллагаа нь БНХАУ-ын захиалгатай байж магадгүй гэсэн мэдээлэл Филиппиний хэвлэлээр гарсан байдаг. 

Тэгвэл энэ мэдээллийг Манила дахь БНХАУ-ын ЭСЯ үгүйсгэжээ. "Энэ хүн Хятадтай ямар ч холбоогүй" гэж Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Гуо Вэй өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.  

Филиппиний БХЯ монгол залуугийн баривчилгаатай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Визний статустай нь зөрчилдсөн, ялангуяа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гадаадын иргэдэд яаралтай арга хэмжээ авах болно” гэж онцолжээ.

Монголын иргэнийг Манила дахь БХЯ-ны төв оффист аваачин эрүүл мэндийн үзлэгт хамруулж, биометрик мэдээллийг нь авчээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна