УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан хэмээн буруутгаж яллагдагчаар татсан. Гэвч өчигдөр прокурорын байгууллагаас Ерөнхий шүүгчид гомдол гарган түүнд хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2-р сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 3-р сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Гишүүн П.Сайнзориг өчигдөр /2026.03.04/ хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Нэг талыг барьсан мэдээлэл гаргаад байна л даа. Би хөнгөн гэмтэл авсан.
Ууг нь бичлэгийг нь ил болгочихвол бүх зүйл тодорхой байгаа. Би ганцаараа сууж байсан. Хэдэн залуучууд ирээд гар бариад мэндэлсэн, бид хэсэг ярилцсан. Сүүл рүүгээ над руу дайрч давшилж эхэлсэн. Өөдөөс хундагатай архиа шидээд, цохиод авсан. Цохиулаад манарчихсан сууж байсан.
Гэтэл хажууд ирээд мөргөсөн. "Та нар арай ингэж хэтэрч болохгүй" гэтэл үүдэнд намайг дахиад 3-4 удаа цохисон. Би биеэ хамгаалсныхаа төлөө яллагдагчаар татагдсан. Магадгүй үргэлжлүүлж зодуулах ёстой байсан юм шиг байна. Надад улс төрийн дарамт шахалт их байгаа" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна