ХАЛУУН СЭДЭВ: Хүүхдийн эрх, уяачдын ашиг сонирхол ба Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хоёрдмол байр суурь

Х.Батсайхан
2026/03/09

                 -Өвөл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо гээд өв соёл алдагдах уу-

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар хаврын морин уралдаанд хүүхдээр морь унуулах эсэх асуудлыг өөрөөсөө түлхэж, хүүхдийн эрхийн байгууллага, морин спорт уяачдын холбоодыг хоорондоо яриад асуудлаа шийд гэсэн утгатай үг хэлсэн нь олон нийтийг талцуулаад байна. 

Уг нь, хаврын уралдаанд морийг хүүхдээр унуулахыг хориглосон шүүхийн шийдвэр, салбарын яамны сайдын хүчин төгөлдөр тушаал үйлчилж байгаа бөгөөд иргэний нийгмийнхний зүгээс Ерөнхий сайдад Хүүхдийн төлөө үндэсний комиссын тэргүүний хувиар дээрхийг зөрчиж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироосоор байгаа явдалд байр сууриа илэрхийлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг уяачдаас шаардсан байр суурь илэрхийлээч ээ л гэж хүссэн юм. Түүнээс биш зуны дэлгэр цагт хурдан морины өв уламжлалаа хадгалсаар байхыг хэн ч эсэргүүцээгүй юм.   

Түүх сөхвөл, өвлийн морин уралдааныг хориглох тогтоол 2019 оны нэгдүгээр сарын 30-нд гарчээ. Хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд нь "Хүүхэд л унахгүй бол хавал морь уралдуулж болох" агуулгатай тогтоол гаргасан байснаа залруулж, бүрмөсөн хориглосон нь тэр. Эхлээд насанд хүрэгчдээр унуулахыг зөвшөөрснөө хэд хоногийн дараа гэнэт хатуурхсаны учир тодорхойгүй. Гэхдээ, Монголын төр өмнө нь "Хаврын" гэх нэртэй  ч өвөл болдог морин уралдааныг хориглох бус, хүүхдээр унуулахыг хориглох талдаа бодлого явуулж ирсэн ч уяач, морьтой холбоотой бизнест байдаг нөхдүүд үл биелүүлж ирсэнтэй холбоотой болов уу. 

Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг 2016 онд энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шинэчлэн батлахдаа "Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох" заалт оруулсан. 

Гэвч хурдан морины бизнестэй холбоотой нөхдүүд энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Онц эрсдэлтэй нөхцөлд бага насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсээр, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулсаар байсан. Чухам тиймээс уралдааныг бүрмөсөн хориглох шийдвэр гарсан болов уу. Ингэхдээ өвөл хавар морь уралдуулах нь Монголын уламжлалд байсан эсэхийг судлуулан, "Морины уралдаан нь Монголын өв соёл мөн боловч өвөл уралдддаггүй байсан"-ыг тогтоосон нь асуудалд нухацтай хандсаныг харуулдаг. 

ТАЛЦАЛ

Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан "Монголоороо байя" морьтой жагсаал 2025 оны нэгдүгээр сард болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Түүнийг хэвлэлийн бага хурал хийсний дараа Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх агсан олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийж, Х.Баасанжаргал гишүүнийг халз мэтгэлцээнд дуудсан байдаг.

Тухайн үед БГД-ийн иргэдийн төлөөлөгч асан Н.Энхчимэг мөн дээрх асуудлаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Уламжлал гэж төлөвлөгөөний дагуу жагсаж буй нөхөд өө, хэдэн халтар төгрөгөөр хамаг асуудал шийдээд сурчихсан улс төрчдийн нохойд барьдаг мод болж яваад байгаагаа ойлгоосой" хэмээн бичсэнээр асуудал олон нийтийн анхааралд бүр ч ихээр орсон юм. .

Х.Баасанжаргал гишүүний тухайд, Морьтой жагсаалыг улстөрчид уяачдад өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд зохион байгуулж байгаа ажил гээд “Хаврын морин уралдаанд их мөнгө эргэлддэг, ард нь улстөрчид байдаг, мөнгө угаалт байх ч магадгүй” гэж хардаж байгаагаа ил тод илэрхийлж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс ч энэ асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул хүүхдээр унуулах асуудлыг эргэж сөхөх ямар ч боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ байр сууриа хадгалж буй.

Харин олон нийтийн зүгээс өвлийн аялал жуулал хөгжүүлэхэд нэмэртэй учир насанд хүрсэн хүнээр унуулсан тохиолдолд сэргээх боломжтой гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байгаа юм. 

ДУНДЫН ШИЙДЭЛ ОЛОХ ШААРДЛАГА

Талуудын байр суурийг харвал, Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардаж байгаа тал хүүхдээр унуулахыг ч давхар шаардаж байгаад асуудал шийдэгдэхгүй байгаагийн гол шалтгаан гэж харж байна. Тодруулбал, өмнө нь сайдын тушаалаар хориглоод дийлээгүй, сүүлд НҮБ-ын шахалт, олон нийтийн шаардлагаар гаргасан, гурван шатны Шүүхийн шийдвэртэй асуудлыг сөхсөнөөрөө тэмцлээ үр дүнгүй болгож байгаа байдал харагдана. 

Хэрвээ энэ байр сууринаасаа ухраад, насанд хүрсэн хүнээр унуулах, аюулгүй байдлыг нь хангах, даатгалд хамруулах, морь унасан хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг шаардлагуудыг хангана гэдгээ амлаад явбал олон нийтээс дэмжлэг авахад нэмэртэй болов уу. Мөн хууль зөрчиж хүүхдээр морь унуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөр тогтоож өгөх нь ач холбогдолтой. 

Морин уралдаан бол Монголын яах аргагүй нэг онцлог учраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын брэндийг олшруулах шаардлага тавигдаад байгаа энэ үед хэрэгтэй. . 

Өөрөөр хэлбэл, энэ асуудалд дундын шийдэл шаардлагатай байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2026/03/09

    Одоо Ардчилсан гэх Монголчууд морьтой баатарын дүрд хувирхаа болих хэрэгэй өв соёл бол Музейд л байдаг хэд хойч үе маань хараад аан тийм үү бидний өвөг дээдэс чинь ийм л уламжилалтай хувьцастай эд хэрэглэлтэй байж гэж харна шүү дээ сая цагаан сар хар шар Феодал түшмэд ноёд лам нарын баяр боллоо шүү дээ хэсэг Монголчууд өнөөдрийн тэр дүр зургийг хараад өнгөрсөн үе рүүгээ орцсон мэт санагдсан биз

    Хариулах
  • 183.177.99.226
    2026/03/09

    Өнөөдрийн өнцөгөөс хархад Морьны уралдаан 21 зуун хөрш улс яаж гайхашруулж байна Германы канцлерь Хятадад очоод техник технилого хараад гайхширч байхад Манайхан энэ уяаачид нэршилтэй орчин цагын Феодалууд яг л 100 жилийн өмнөх Ха ршар Феодал нударган баян Түшмэд ноёд шиг өв соёл гэх шиг бас яаана гэн үү аан сээр цохих үнэндээ бол бас л 100 жилийн өмнө Хүрээний лам нар наадгай байсан ш дээ бас нэг биёлэг нэгэн өндөр настан шаахан хүүхэдтэй мориороо давхиж явна түүнийгээ суртчилаад өв соёл гэх шиг эмэгнэлтэй дүр төрх Ардчилсан Монгол гэх улс өнөөдөр нэг ширхэг ч хадаас хийж чадахгүй байна ш дээ юун онгоц пуужин цөмийн реактор вээ түй чёрт

    Хариулах
  • 202.21.108.41
    2026/03/09

    Arhangaid bolj baigaa uraldaan asuudlig shiidseen Odoo zuun bus yaaj iigeed hurenge bolgoh toiruulgatai bolohiig bodoosoi. Unaachdaa surgaltad hamruul ulger avaach uglej suuhaar..

    Хариулах
  • 202.223.160.98
    2026/03/09

    Ерөөс хурдан морины уралдааныг мэргэжлийн спортын хэмжээнд хүргэж хавар, зуны аль ч цагт хүүхдээр бус 18-аас дээш насны хүн, тэр дундаа хөнгөн жинтэй хүнээр уралдуулах нь энэ удаан хугацаанд явж байгаа талцалыг нэг талд нь гаргасан нь зүйтэй.

    Хариулах