МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголд ардчилсан хувьсгал ялсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Хуучин социалист системийн улсуудаас Монгол Улс "огтнын хамраас ч цус гаргалгүй" шилжилт хийх бололцоог бүрдүүлсэн энэ шийдвэрийг гаргахад МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх агсны байр суурь чухал байсан гэдэг.
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Э.Бат-Үүл энэхүү түүхэн өдрөөр Ж.Батмөнх агсныг дурсжээ.
Тэрбээр "1990 оны 3-р сарын 9-нд,тухайн үед Монголыг хэмжээгүй эрхтэйгээр удирдаж байсан “хаан”-МАХН-ын Улстөрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол эрх чөлөөт ардчилсан улс болох зам руугаа шуударсан юм.
Ж.Батмөнх тэргүүтэй Улс Төрийн Товчоог огцрохыг шаардсан бидний өлсгөлөн зарлагчдын шаардлагыг УТ-оор хэлэлцэх үед хатуу байр суурьтай тал нь ялсан бол өлсгөлөн зарлагчидыг байлдааны хуягт тэрэг дайчлан дайрч ачаад,Ганц худгийн шоронд хориход бэлтгэсэн байсан.Талбай руу хуягт тэрэг татсан,бас шоронгийн хоёр давхарыг тэр чигт нь чөлөөлсөн,хотын цэргийн ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулсан байв.
Бидний зол болоход Батмөнх гуай дийлж,Товчоо огцрохоор болсон.Бүх зүйл энхтайванаар шийдэгдсэн билээ.Оюутануудын тэмцлийг цус урсган дарсан Тянь Аньминий талбай дээрх аймшигт хэрэг явдлын өнгөн дээр бол Монголын ардчилсан хувьсгал нь ингэж үлгэр жишээ болсон!
Эл хэрэг явдлаас хойш 8 жилийн дараа би Батмөнх гуайн гэргий Дариймаа гуайтай хаана таарсан гээч? Вашингтон хотод!
Би тэнд ажлаар явж байгаад гэнэт өвдөөд их халуурсан юм. Тэгтэл Дариймаа гуай,хүү хоёртой нь таарав.Тэд намайг гэртээ оруулан эмчилж асарцгаав.Би сармистай халуун хар шөл уучихаад дулаан хөнжилд ороолгон хөлөрч сувилуулан хэвтэхдээ “ хүмүүний тавилан сонин юм даа, би нөхрийг нь “хаан сэнтий”-ээс нь огцоруулахаар шүд зуун тэмцэж явсан, одоо гэтэл бэлэвсэн үлдсэн хань,хүү хоёртой нь хаа холын,эрх чөлөөний их гүрэн Америкийн Вашингтон хотод өвдөж явж таараад,хүүхэд шиг нь асруулаад хэвтэж байна” хэмээн санааширч билээ.
Би,Батмөнх гуайтай өөртэй нь ерөөсөө нүүр тулж уулзаж байгаагүй.Түүнийг ажлаа өгсных нь дараа Со л хааяа таарч байсан гэдэг. Тун эгэл хүн байсан гэдэг!
Батмөнх гуай, Дариймаа гуай хоёр тэнгэрийн оронд уулзацгаасан нь лавтай; тэгээд гэргий,хүү хоёр нь намайг асарсныг дуулаад “ашгүй дээ” гэсэн биз, хоёр хөгшин хамдаа “жаргаж буй” нь дамжиггүй ээ!
МАН-ын байранд Ж.Батмөнх гуайн 100 жилийн ойн арга хэмжээ болох аж. Би Ж.Батмөнх гуайд мэхийн очно оо!
Монголын улстөр,эрх мэдэлд шунагчдын амин хувийн дайсагналын улстөр болсон энэ цөвүүн цагт түүнийг дурсахад сэтгэл өег байх болно!" хэмээн бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна