-ИЗНН-ын дарга хэн байхыг Дээд шүүх шийднэ-
Парламентад дөрвөн суудалтай ИЗНН дотроо хуваагдаж, Б.Батбаатар, Р.Батболд /9-нд хуралдсан Онц их хурал гэгчээс сонгогдсон/ гэсэн хоёр даргатай болчихоод байгаа билээ.
“Онц их хурал шийдвэрээ Улсын Дээд шүүхэд явуулна, асуудлыг Улсын Дээд шүүх л шийднэ” гэж Онц их хурлаас даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа итгэлтэй өгүүлсэн.
Монголын улс төрд өмнө нь намуудад Онц их хурал гэдэг ч юм уу, зөвлөл нэртэй нэгдэл үүсэж, хуралдах тохиолдол гарч байсан ч их үсрээд Намын их хурлыг ээлжит бусаар хуралдуулахыг шаардаж байснаас, ИЗНН шиг дарга сонгочихоод “Дээд шүүх хэниг дрга болгохоо шийднэ” гэж байсан тохиолдлыг МАХН, О.Баасанхүүгээс өөрийг санахгүй байна.
Р.Батболд тэргүүтэй гишүүд ингэснээрээ ИЗНН-ын дарга хэн байхыг дэмжигч гишүүд нь биш, УДШүүх шийдэх байдалд аваачив. Уг нь ямар ч нам дарга нь хэн байхыг шийдэх эрхээ нам дотроо хадгалж үлдэхийг эрмэлздэг байтал шүүх рүү шилжүүлж байгаа нь хачин.
Р.Батболд тэргүүтэй Онц их хурлыг зохион байгуулагчид Б.Батбаатарыг ИЗЗН-ын дүрмийг шинээр батлагдсан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж шинээр боловсруулах ажилд хариуцлагагүй хандаж, УДШ-ээс удаа дараа буцаалгаснаар нам татан буугдах эрсдэл үүсгэсэн хэмээн буруутгаж буй. Харин Б.Батбаатар Р.Батболд тэргүүтнүүдийг ИЗНН-ыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сонирхолдоо ашиглах зорилготой гэж буруутгаж буй.
АН, МАН-ын жишээнээс харахад, намынхаа шинэ дүрмийг бүх гишүүдийн оролцоотой боловсруулж, их хурлаараа батлаад Дээд шүүхэд хүргүүлсэн байдаг. Улсын дээд шүүх буцаавал ганцхан даргын буруу биш, нийтээрээ хариуцлага хүлээнэ гэсэн л үг.
Б.Батбаатар мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн тул тэрбээр ИЗНН-ын дарга байсан цагт 2027 онд нэрээ дэвшүүлж, Парламентад олон нам орж ирсний хэргийг гаргана. Харин Р.Батболд ИЗНН-ыг Ерөнхийлөгийн сонгуульд оруулахгүй байх зорилготой гэж Б.Батбаатар шууд хэлж байна лээ. Дээд шүүхийн шийдвэр мэдээж, даргын асуудлыг шийднэ, гэхдээ шийдэхгүй ч байх хувилбар бий. 2017 онд О.Баасанхүү МАХН-ыг бужигнуулсны дараа Дээд шүүх Н.Энхбаярын намын дарга болох хүсэлтийг бүртгэж авахаас татгалзсанаар жил байтугай хугацаанд даргагүй явуулсан түүх бий.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 оны зургадугаар сард болно. Тэгэхээр Р.Батболд тэргүүтний зөвхөн Онц их хурал хуралдуулж, дарга сонгосон үйлдэл л яг ийм байдлаар ИЗНН-ыг даргагүй, маргаантай байга гэсэн статустайгаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгуулах магадлалтай нь энэ жишээнээс харагдаж байна.
Р.Батболд Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гээд улс төрийн “үхдэл” болсон О.Баасанхүүгийн жишээг давтах уу
Нам доторх үзэл бодлын зөрчилтэй хэсэг бүлэг нь хурал зарлаж, дарга сонгосон тохиолдол өмнө нь МАХН-д нэг удаа гарч байсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн, зохиолч, өмгөөлөгч Ч.Энхээ нарын хэсэг хүмүүстэй хамт “МАХН-ын II-р Их хурлын чуулган” гэх арга хэмжээг маш өндөр төсөвтэйгөөр, тэгээд Төрийн ордонд зохион байгуулж, өөрийгөө даргаар сонгуулсан байдаг.
“Эрдэнэт” УБҮ-ийн асуудлаар ямар нэгэн лоббиг хийнэ хэмээн Т.Бадамжунайгаас 100 сая ам.доллар нэхэж, шууд зөвшөөрчихөөр нь “100,000 ам.доллар” хэмээн нэмж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан О.Баасанхүү тэр хэмжээний бэл бэнчин гаргаж МАХН-ын даргаар өөрийгөө сонгуулсныг “Хүний мөнгөөр хийсэн ажил, МАН Н.Энхбаяраас арай хөнгөн жингийн, хямд этгээдтэй тохиролцохын тулд О.Баасанхүүг ашиглалаа” гэж таамаглах хүн цөөнгүй байсан.
О.Баасанхүүгийн энэ үйлдэл Монголд их л цочир, сонин байсан тул зохих дуулианыг үүсгэж, олон нийт хүртэл одоогийн хэллэгээр шооконд орж байсан бөгөөд МАХН-ын тулхтай гишүүдийн нэг Д.Шаравдорж “Монгол Улсад хууль байдаггүйг, мөн улс төрийн намууд хуулиа баримталдаггүйн тод жишээ. О.Баасанхүү МАХН, түүний гишүүд дэмжигчид, сонгогчдын хүчээр УИХ-д суусан. УИХ-д сонгогдохдоо МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг л барьж явсан шүү дээ. Яг үнэндээ ард иргэд О.Баасанхүүг биш МАХН-ыг сонгож, саналаа өгсөн байсан юм. Намын нэрээр сонгогдож, төрийн түшээ болсон О.Баасанхүүд намын нэр төр, мөн төрийн түшээ хүний ёс суртахууныг аваад явах хариуцлага алга байна. О.Баасанхүү гишүүн энэ зүйл дээр маш том алдаа гаргалаа гэж харж байна. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр намынхаа өр рүү өшиглөж, энэ намын хүчээр бус өөрийн эрх зоригоор гарсан гэж хэлж, ярьж байна. Хууль бусаар намын Бага чуулган, Их хурлыг зарлан хуралдуулж, өөрийгөө намын дарга гэж зарлан тунхаглаж байна. Энэ бол ёс зүйн хувьд маш ичгэвтэртэй зүйл” гэж мэдэгдэж байв.
2012 онд Ц.Нямдоржийн хэлснээр “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-ын гишүүн болсон” тэрбээр 2016 онд Эрдэнэтийн Христэд итгэгч иргэдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон ч 2017 онд оймсондоо хавчуулж улс төрд оруулж ирсэн Н.Энхбаярынхаа суудлыг булаах гэж оролдоод улс төрийн карьераа дуусгасан байдаг.
Р.Батболд гишүүний тухайд, Б.Батбаатарын суудлыг булуугаад зогсохгүй КОП 17 хурлын төсвийн зарцуулалттай холбоотой баримтуудыг АТГ-т өгч, шоронд хийхийг санаархжээ.
Үүгээрээ О.Баасанхүүгийнхээс илүү гарч байгаа бөгөөд цаашдын хувь заяа нь ч төстэй байхыг хэн ч таашгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна